Хүүхдийг вакцинжуулах талаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компанид хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо.
Монгол Улсад коронавирусний эсрэг бүрэн вакцинжуулалт 66 хувьтай байна. Нэмэлт тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая гаруй тун хандивласанд талархал илэрхийлэв. Мөн манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн бөгөөд КОВАКС-ын шугамаар дэмжихийг Ерөнхий сайд хүслээ. Ард иргэд ковидын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдсаны дүнд Монгол Улс энгийн амьдралд шилжин орж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын их үйлсэд оруулах хувь нэмрээ нэмэхийг зорьж байгааг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр тунхаглан зарласан нь цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйлсэд монголчуудын оруулж хувь нэмэр юм гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж ажиллана гэлээ.
Мөн сайн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг ажиллагаа, шинэ сэргэлтийн бодлогын талаар Ерөнхий сайд товч танилцууллаа. Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичиг боловсруулах ажлын явцын талаар НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт талууд санал нэгдлээ.