Монгол Улс Түмний чуулганыг хамгийн өргөн оролцоотой зохион байгуулсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дагалдах хурлын нэг Ази Европ түмний 11 дүгээр чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 4-6-нд амжилттай болж өндөрлөсөн. Тус чуулганы үр дүнгээр зохион байгуулагчид нь өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.
Чуулганы мэдээллийг Ази Европ түмний 11 дүгээр чуулганы үндэсний зохион байгуулах хорооны дарга Л.Төр-Од, тус чуулганы Олон улсын зохион байгуулах хорооны гишүүн Дороти Гюүрферо, Эндрю Рутерфорд, ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр нар өгсөн юм. Ази Европ түмний 11 дүгээр чуулганы үндэсний зохион байгуулах хорооны дарга Л.Төр-Од энэ үеэр хэлсэн үгэндээ, “Бид анх төлөвлөхдөө гадаад дотоодын 550 төлөөлөгч оролцохоор төлөвлөж байсан ч 750 гаруй хүн оролцлоо. Энэ нь сүүлийн 20 жил дэх хамгийн өргөн оролцоотой чуулган болсон гэдгээрээ онцлог байв. Мөн анх удаа зохион байгуулж байгаа орны бүхий л дэмжлэг туслалцааг авч чадсан чуулган боллоо. Түүнчлэн чуулганы төгсгөлд анх удаа Улаанбаатарын тунхаглал бичиг, Улаанбаатарын үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн хоёр тусдаа баримт бичгийг гаргасан” гэлээ.
Ази Европ түмний 11 дүгээр чуулганы Олон улсын зохион байгуулах хорооны гишүүн Дороти Гюүрферо, Эндрю Рутерфорд нар ч мөн адил өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй чуулган болж чадсан гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэний зэрэгцээ өмнөх 10 чуулганаас зохион байгуулалтыг илүү өндөр түвшинд хангасан гэдгийг онцолсон юм.
Чуулганы хүрээнд 7 сэдвийн дор 20 гаруй салбар хуралдаан болж, төлөвлөсөн сэдвээр хуралдаанууд амжилттай болсон. Үр дүнгийн хувьд ч сэтгэл хангалуун үлдсэн гэдгээ Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд хэлж байв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал