Тавантолгой-Говьсүмбэр хоорондох нүүрс тээвэрлэлтийг сэргээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-20 16:39:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймаг хүртэлх нүүрсний богины тээврийг ЗТХЯ-наас сэргээв.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамаар нүүрс тээвэрлэхийг түр зөвшөөрсөн тушаалыг ЗТХ-ийн сайд өнөөдөр гаргав. Тушаалд, Өмнөговь аймгийн ИТХ болон Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа ААН, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан ЗТХ-ийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчилсөн байна.




Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан автозамын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай гэжээ. Тушаалын биелэлтийг хянан ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгожээ.

Related news