Су.Батболдыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-06 15:51:16

НИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай хэлэлцэж, дэмжин Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх боллоо.

Су.Батболд нь Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ХААИС-ийг Инженер-багш, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр дүүргэж, ХААИС-д Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч улмаар 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктрын зэрэг тус тус хамгаалсан байна. 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженерээр ажлын гараагаа эхэлж, Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Улмаар 2002 оноос эдүгээг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгондсон ажилласан юм. Тиймээс түүний мэдлэг, удирдах чадварыг нь үнэлж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Нэр дэвшигч Су.Батболд, “МАН нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тохилог орон орчинд амьдруулах зорилго тавин ажиллаж байгаа. Тиймээс ч мөрийн хөтөлбөрөө “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн нэрийдсэн. Цаашдаа мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэг их хэрэгтэй. Би өөрөө ч НИТХ-ын төлөөлөгч шиг ажиллаж, чадварлаг, шударга боловсон хүчнээр багаа бүрдүүлэх болно” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асуув. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Б.Баатархүү нар НИТХ-ын хурлын төлөөлөгч бус хүн Засаг даргаар ажиллахад хүндрэлтэй гэдгийг дурьдаад, Нийслэлийн өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэх эсэхийг тодруулав.

Нэр дэвшигч, “Нийслэлийн өмнөх удирдлагуудын эхлүүлсэн зөв ажлуудыг үргэлжлүүлж, алдаатай шийдвэрийг залруулахын төлөө ажиллах болно” хэмээн хариулав.

Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр нь хашааны газартаа тохилог орон сууц барих замаар агаарын бохирдлоос салах томоохон түлхэц юм. Мөн төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилго бүхий “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй 3 нэгдсэн төвөөр нийт 400 мянга гаруй хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа бий. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр Монголын уламжлалт болон сонгодог урлагийг дэмжих томоохон тулгуур болсон. Тиймээс удахгүй томилогдох нийслэлийн шинэ удирдлагууд бид бүхний эхлүүлсэн эдгээр ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээгээд Нийслэлийн үйлчилгээний Нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очиж тамгаа гардуулна гэв.

Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн шуурхай хүргэж буйг өөрийн биеэр танилцуулах зорилготой аж. Ийнхүү санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжиж, Су.Батболдын нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх боллоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news