Унгар Улсын Элчин сайд Говьсүмбэр аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-05 13:34:28

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын урилгаар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански Говьсүмбэр аймагт зочиллоо.

Элчин сайдыг аймгийн Засаг дарга Г.Батзам болон албаны хүмүүс хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, түүх, соёлын талаар танилцуулсан байна. Талууд уулзалтын үеэр харилцан мэдээлэл солилцож, цаашид боловсрол, соёл урлаг, нийгэм, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах талаар ярилцсан аж.

Орон нутгаас Унгар улсын ижил төстэй аймагтай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн сургуулиудад оюутан, сурагч суралцуулах, мөн хүлэмжийн аж хуй эрхлэгчдийг туршлага судлуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх боломж байгаа талаар уулзалтын үеэр ярьсан байна.

Говьсүмбэр бол дэд бүтэц сайн хөгжсөн, дөрвөн аймагтай хиллэдэг төдийгүй уул уурхайн полтехник коллеж үйл ажиллагаа явуулдаг төвийн бүсийн хөгжих боломжтой аймаг юм.

Ноён Элчин сайн Борбала Анна Обрушански аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат гардуулж, мөн “Боржигин өв” музейтэй танилцан, аймгийн түүхийн дурсгалт газрыг үзэж сонирхжээ.

Related news