УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-29 20:45:08

УИХ-ын дарга З.Энхболдыг чуулганы нэгдсэн хуралдааныг нэн даруй хуралдуулж, Засгийн газрын гаргасан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг Монгол Улс авах тухай шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаж, МАХН-аас мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах өөрийн онцгой бүрэн эрхээсээ татгалзаж, Худалдаа Хөгжлийн банк буюу оффошор эзэдтэй компанид Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монгол-Оросын хамтарсан Монросцветмет үйлдвэрийн 50 хувийн хувьцааг худалдаж авах эрхийг нууцаар өгчээ. 

ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын талд өөрийн хувь эзэмшлээ авах давуу эрхийг олгосон явдалд МАХН-ын зүгээс туйлын талархалтай хандаж буйгаа энэхүү мэдэгдлээр дамжуулан хүргэхийг хүсч байна. Түүнчлэн Монголын тал хувьцааг худалдан авах давуу эрхээ эдэлж, Зөвхөн Монгол Улсын Засгийн газар худалдан авах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна. МАХН, түүний гишүүд Монголын ард түмний эрх ашгийг байнга нэн тэргүүнд тавьж ирсэн зарчмын байр сууриасаа огт ухралгүйгээр Ерөнхий сайдын үйлдэл, шийдвэрийг эсэргүүцэж байсан болно.

МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, “Эрдэнэт” үйлдвэр, Монросцветмет үйлдвэрийн хувьцааг Монголын талд шилжүүлэх тухай ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг нууцаар шийдвэрлэх гэж байгаа талаар асууж байсан.  УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд тухайн үед нь “Тийм шийдвэр гарах ёсгүй, УИХ-аар заавал хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхий сайд зөвхөн судалж байгаа гэсэн” хариуг өгч байсан юм. Гэтэл Ерөнхий сайд аль хэдийнээ гадаадын оффошор компанийн эзэмшилд байдаг ХХБ, түүний төлөөний компани болох “Монголын зэс”  компани гэх “Х” буюу тэг тайлантай, татвар төлдөггүй нэг хүний эзэмшлийн “тоглоомын компанид Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эзэмшдэг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Монгол-Оросын хамтарсан “Монросцвемет” үйлдвэрийн онц их хэмжээний хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд:

  1. УИХ-ын дарга З.Энхболдод хандан нэн яаралтай УИХ-ын чуулганы хуралдааныг зарлан хуралдуулах, стратегийн ач холбогдолтой ордын хувьцааг худалдах худалдан авахтай холбоотой хууль, журмуудын биелэлтийг хангах
  2. “Монголын зэс” компанийг хэрхэн ямар шалгуураар сонгон авсан тухай, хэний эзэмшилд байдаг, санхүүгийн ямар үзүүлэлттэй компани болохыг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.
  3. Монгол Улс, ОХУ-ын хооронд хийсэн гэрээ, Монгол Улсын иргэний хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж хийсэн шийдвэрээ нэн даруй цуцлахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилгээс шаардаж байна.
  4. ХХБ хэрвээ энэхүү хувьцааг шилжүүлэн авч байгаа бол өөрийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийг бүрнээр нь гарган мэдээлэхийг ХХБ-ын хувьцаа эзэмшигчдээс шаардаж байна.

МАХН-аас  байгалийн баялгийг зөвхөн ард түмний мэдэлд  байх ёстой гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталдаг бөгөөд, Эрдэнэт үйлдвэр, Таван толгой зэрэг төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудыг төр эзэмшиж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө зориулах ёстой гэсэн байр суурьтай байдаг бөгөөд энэхүү үзэл баримтлалынхаа төлөө тууштай тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Ч.Ариунболд

Related news