МАХН зарим тойрогт дахин санал хураах нь зөв гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын болон НИТХ-ын сонгууль шударга бус болж байгаа тул зарим тойрогт дахин санал хураалт явуулах шаардлага үүссэн талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намаас нэр дэвшигчид мэдээлэл хийв.
АН болон МАН иргэдийг бөөнөөр нь шилжүүлж, хууль бусаар санал өгүүлэх үйл ажиллагаа хавтгайрч байгааг 55 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунбаатар хэллээ.
Тэрбээр, “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны 3 тоотод Ш.Батдэлгэр, Ц.Бат-Эрдэнэ, Н.Баясгалан, Ц.Гэрэлмаа, Г.Мөнхбаяр, Л.Отгонсүрэн, М.Уянга нарыг шинээр бүртгэж, санал өгүүлсэн байна. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж шалгуулна. Мөн хороодын Засаг дарга нар төрийн байгууллагын алба хаагчдыг дарамталж, саналыг нь өгүүлэх ажил зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга 75 дугаар сургуульд байрлах сонгуулийн байрны хажууд очиж оршин суугчдын саналд нөлөөлөх ухуулга зохион байгуулсан. Бид энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Хан-Уул дүүргийн 3 дугаар хэсгийн хороонд МАХН-аас ажиглагчаар ажиллаж буй хүмүүсийг хууль бусаар баривчлах тохиолдол ч гарсан” хэмээв.
Дээр дурьдсан 55 дугаар тойрогт гарсан зөрчил 28, 50, 56, 64 дүгээр тойрогт ч мөн илэрсэн гэдгийг нэр дэвшигчид хэлж байв. Тэд иргэд нам, эвслийн ухуулга, ятгалгад орж, хаяг шилжүүлэн санал өгснөөр төрийн эрхийг хууль бусаар авах онц ноцтой гэмт хэрэгт холбогдоно. Өөрөөр хэлбэл, хууль зөрчин иргэдийг шилжүүлж байгаа нь төрийн дээд албан тушаалыг авах гэсэн онц ноцтой гэмт хэрэг юм. Тиймээс “царцаа” гэж нэрлэгдэх иргэдийн санал өгсөн тойргуудад дахин санал хураалт явуулах хэрэгтэй гэдгийг МАХН-ын удирдлагууд онцолж байлаа.
МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах болсныг СЕХ өнөөдөр мэдээлсэн. Ц.Оюунсайхан нь өөрийн сурталчилгааны хуудсандаа лам нартай хамт авахуулсан зургаа оруулсан бөгөөд үүнийг Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж хасах болжээ. Лам нартай хамт авахуулсан зураг нь шашны зан үйл биш бөгөөд энэ нь Ц.Оюунсайхантай өрсөлдөхөөс айсан бусад нэр дэвшигчийн хууль бус үйлдэл гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр онцлов.
Тэрбээр, “СЕХ хороо өрсөлдөгчөөсөө айсан нэр дэвшигчийн хууль бус хүсэлтийг хүлээн авч, манай нэр дэвшигчийг жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа. Тиймээс хууль бус үйл ажиллагааг дэмжиж, буруу шийдвэр гаргасан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн огцрох хэрэгтэй” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр