Үндсэн хуульд нийцүүлж 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-17 18:35:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс сонсов. 


Уг тогтоолд 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсанаас 12 хуулийг УИХ хэлэлцэн баталсан,  ирэх намрын чуулганаар нэн яаралтай батлах шаардлагатай хэд хэдэн чухал хуулийн төслүүд хүлээгдэж буй тул бэлтгэл ажлын явц болон бусад асуудлыг хэлэлцэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж буйг хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.



Тус тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, "Нийт 31 хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон бөгөөд үүнээс 2021 оны наймдугаар сарын байдлаар УИХ 12 хуулийг хэлэлцэн баталсан, хэлэлцүүлгийн шатанд 4 хуулийн төсөл байна. Үүнд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай хуулиудын нэг юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь хэлэлцүүлгийн шатанд байна" гэв.



Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар дээрх тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгаа танилцуулав.  


Мэдээлэлтэй холбогдуудан УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн боловсруулалтын чанар, бичилтэд холбогдох дарга нарт чиглэл өгч, ирэх аравдугаар сард төсөв хэлэлцүүлэхээс өмнө холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулахыг үүрэг болгов.



Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Related news