Хүүхдийг ивээх сан хоёрдахь тусламжаа гардуулан өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Хүүхдийг ивээх сан” хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд шороон
шуурганд өртсөн малчин өрхүүдийг дэмжих, шуурганы хохирлыг арилгахад туслах, гамшигт
өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хоёр дахь тусламжаа Дундговьд өнөөдөр
гардуулан өглөө.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг
дэмжих” төслийн хүрээнд анхны тусламжийг 5 дугаар сарын сүүлээр тус аймагт
гардуулж, Сайнцагаан, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Адаацаг сумын 14 өрхөд
иж бүрэн гэр, 210 айлд эрүүл ахуйн багц, 100 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байсан.
Харин энэ удаагийн тусламжаар Сайхан-Овоо, Дэлгэрхангай,
Хулд, Өлзийт, Луус, Дэлгэрцогт, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан,
Өндөршил сумын 41 өрхөд таван ханатай гэр, 160 өрхөд эрүүл ахуйн багц, 170
өрхөд мөнгөн тусламж өгч байна.
Энэ оны 3 дугаар сарын 13-15-нд тус аймгийн нутагт цаг
агаарын аюулт үзэгдэл болж, энэ үеэр 9 хүний амь эрсдэж, 90 айл орон гэргүй
болж, 500 гаруй айлын хашаа нурж, эвдрэн, 130 гаруй толгой мал хорогдсон юм.
Эдгээр айл өрхүүдээс шороон шуурганд гэр нь бүрэн
эвдэрсэн, мал болон бусад эд зүйлийн хохирол амссан, олон хүүхэдтэй,
амьжиргааны төвшин доогуур зэрэг байдлыг харгалзан судалсны үндсэн дээр нарийн
шалгуураар тусламж өгөх айл, өрхүүдийг сонгосон байна.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг
дэмжих” энэхүү төслийг Япон Платформ сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд Дундговь,
Говь-Алтай, Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа аж.
Тусламж гардуулах үеэр “Хүүхдийг ивээх сан”-гийн Монгол
дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хэлсэн үгэндээ “Японы хүүхдийг ивээх сангийн
баг хамт олон өнөөдөр Дундговь аймагт хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж, та
бүгдтэй уулзаж, бидний чин сэтгэлийн тусламж, эд материалын зүйлсийг гардуулж
өгч байгаадаа маш их баяртай байна.
Байгаль, цаг уурын өмнө хүн гэдэг хүчгүй, мөхөсддөг
гэдгийг энэ хаврын 3 дугаар сард болсон шороон шуурга бидэнд харууллаа. Энэ
гамшиг зөвхөн Дундговь аймаг биш, Монгол Улсын 10-аад аймгийг хамарсан, асар их
хохирол дагуулсан аймшигт үзэгдэл байсан.
Эрдэнэт хүний амь нас үрэгдсэн, өчнөөн олон зуун мянган
мал уруудсан, хорогдсон. Эд материалын хохирлыг тооцож үзэх юм бол хэдэн тэрбум
төгрөгөөр хэмжигдэхүйц болно.
Дундговь аймгийн хувьд эдгээр аймгуудаас хамгийн их
хохирлыг амссан аймаг. Тиймээс Хүүхдийг ивээх сангаас нарийвчилсан судалгаа
хийгээд, энэ хаврын шуурганд хамгийн ихээр хохирол амссан, малаа алдсан, орон
гэргүй болсон, хашаа хороогоо унагасан гээд маш олон төрлийн хохирол амссан
айлуудыг нилээн нарийн шалгуураар сонгож тусламж үзүүлж байна.
Ер нь 400, 500-гаад айл өрх ямар нэг байдлаар тусламж
авсан гэж аймгийн Засаг дарга сая хэллээ. Хамгийн том тусламж бол бидний ард
бариатай байгаа өргөө цагаан гэр юм.
Шуурганы үеэр маш олон айл өрхийн гэр нурсан. Энэ
айлуудад бид нар хаврын тусламжтайгаа нийлээд 55 гэрийг ийнхүү тусламж болгон өгч
байна.
Мөн сэтгэл санаа, эд материалын тусламж болгон эрүүл
мэндийн багцийг 160 айлд өгч байна. Энэ багц дотор айл өрхөд хэрэгтэй эрүүл
ахуй, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд байгаа. Нэг өрхөд очих энэ багц бол 145000
төгрөгийн өртөгтэй.
Түүнээс гадна хамгийн их эд материалын хохирол амссан 10
сумын 170 өрхөд 100 ам долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна” гэлээ.
Тусламж гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат,
болон зарим сумын удирдлагууд, тусламж
авсан иргэдийн төлөөлөл сэтгэгдлээ илэрхийлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүнд
хэцүү цаг үеийг даван туулахад эд материал, сэтгэл санааны маш их дэмжлэг болж байгаад Хүүхдийг ивээх сангийн хамт олонд чин
сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлсэн юм.















