АН сонгуулийн хуулийг зөрчиж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-29 16:20:09

УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, тус намын Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээллийнхээ эхэнд МАН-ын сонгуулийн төв штаб хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусаагүй асуудлыг хөндөж олон нийтэд дэлгэхгүй байгаа. Гэтэл АН-аас мэдээлэл хийсэнтэй холбогдуулж ийнхүү сэтгүүлчдэд хандаж байна гэв.

Тэрбээр цааш нь, “Архангай аймгийн Ихтамир сумын АН-ын сонгуулийн штаб нэр бүхий ажилтнууд сонгогчдод архи тарааж байсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу очиж шалгахад УНЭ 32-65 дугаартай автобусанд гурван иргэн УИХ-ын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Ганхуягийн сурталчилгааны материал болон архи ачиж явжээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт Сонгуулийн тухай хуулийг зөрчиж эрх бүхий хүмүүс “Японд дадлагажигч явуулна” хэмээн бүртгэл явуулж байсныг баримтжуулсан. Үүний зэрэгцээ Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Баярсайхан сонгогчдод эд зүйл тарааж, архидуулсан ноцтой зөрчил илэрсэн” гэлээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт  нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэрээ татаж байгаа мэтээр АН-аас мэдэгдэл хийснийг энэ үеэр үгүйсгэсэн бөгөөд Увс аймгийн 33 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг мөнгө тараасан мэтээр цуурхал тарааж байгаа нь гүтгэлэг. Мөн Архангай аймгийн 3 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Мөнхбатын штабын ажилтны хоёр хавирга хугарсныг эмнэлгийн дүгнэлт тогтоосон хэмээн Су.Батболд мэдээллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news