Аудитаар 329.2 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-06 16:04:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2018-2020 онд тус аймагт хэрэгжсэн Олон Улсын төслөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аудит хийжээ.

Аудитаар нийт 329.2 сая төгрөгийн зөрчил илрүүлж, аудитын явцад 1.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг залруулж, 327.7 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 12 байгууллагад хугацаатай албан шаардлага, 9 заалт бүхий зөвлөмж хүргүүлсэн байна.

Тус аймагт 2018-2020 онд 18,467.2 сая төгрөгийн олон улсын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн бөгөөд тэдгээрийн 8.0 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 8.5 хувь нь эрүүл мэндийн салбарт, 3.2 хувь нь боловсролын салбарт, 70.4 хувь нь дэд бүтцийн салбарт, 10 хувь нь бусад салбарт хэрэгжсэн аж.

Орон нутагт орон тооны төслийн ажилтантай 5 төсөл байна. Тодруулбал, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын “Гамшигт тэсвэртэй орон нутаг”, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон Улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт, малын эрүүл мэнд”, Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй  МЕРИТ буюу Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь”, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг болон Сангийн яамны хамтарсан “Тогтвортой амьжиргаа-3” төсөл тус тус хэрэгжиж байгаа юм.

Төрийн аудитаар төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд дараах дүгнэлт хийж, Засгийн газрын шугамаар хэрэгжсэн 9 төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, 62 төслийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг алдсан гэж үзсэн байна.

Түүний шалтгаан нь гадаадын зээл тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар орон нутагт баримтлах нэгдсэн хөтөлбөр байхгүй, төлөвлөлт хангалтгүй, гадаад харилцаанд баримтлах нэгдсэн хөтөлбөр, зохион байгуулалт байхгүй, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хийх ажлыг аймгийн урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлоготой уялдуулан, нарийвчлан төлөвлөж, хэрэгжүүлэх ажил хангалтгүй байжээ.

Мөн төсөл хэрэгжүүлж буй зарим сумдын идэвх оролцоо муу, зарим төслийн хувьд нийлүүлсэн хөрөнгийн бүртгэл зөрүүтэй, түүний хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, төслийн хэрэгжилтэд төсвийн ерөнхийлөн захирагчаас хяналт тавиагүй, үнэлгээ огт хийгээгүй, Олон Улсын байгууллагаас хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шилэн дансны цахим хуудаст бүрэн мэдээлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Харин төслийн батлагдсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулсан, төслийн хөрөнгөөр худалдан авсан болон нийлүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа, төслийн жилийн үйл ажиллагааны тайлан, гэрээний хэрэгжилтийн үр дүнг жил бүр гарган, төслийн ажилтны гүйцэтгэлийг үнэлэн ажилласан зэрэг сайшаалтай зүйлүүдийг мөн тайланд дурджээ.  

Related news