БНХАУ Палестинд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-21 15:01:07

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын Засгийн газар Палестинд хүмүүнлэгийн яаралтай тусламжийг аль болох богино хугацаанд үзүүлнэ гэж тус улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн албан ёсны төлөөлөгч Тянь Линь мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар хүмүүнлэгийн ноцтой хямралыг даван туулахад Палестины Засгийн газар, ард түмэнд туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шуурхай хариу арга хэмжээний механизмыг тавдугаар сарын 20-ноос эхлүүлсэн байна.


Хятадын тал гэмтэж шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх, орон гэргүй болсон хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зэргээр Палестинд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлнэ гэж Тянь Линь тэмдэглэжээ.


Израил-Палестины мөргөлдөөн тавдугаар сарын эхээр дахин хурцдаж эхэлсэн юм. Израилын армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, мөргөлдөөн даамжирч эхэлснээс хойш Газын зурвасаас Израил руу 4340 орчим пуужин харваснаас 640 нь Газын зурваст унасан байна. Нийт пуужингийн 90 хувийг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Төмөр дээвэр” цогцолбороор амдан устгажээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилд 12 хүн амиа алдаж, 50 гаруй хүн хүнд шархадсан бол Израилын хариу цохилтын улмаас 232 хүн амь үрэгдэж, 1900 хүн шархадсан байна.  


Урьдчилсан болзолгүйгээр гал зогсоох Египет улсын саналыг Израилын Засгийн газар пүрэв гаргийн орой санал нэгтэй дэмжжээ. Израилын тал гал зогсоох тохиролцоог дагаж мөрдвөл бид ч мөн дагана гэж Палестины ХАМАС хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүлэгчийн зөвлөх Тахер Ан-Ноно мэдэгдсэн байна. Талуудын гал зогсоох тохиролцоо Израил, Палестины цагаар баасан гаргийн 02:00 цагаас хэрэгжиж эхэлжээ.


Related news