Улаан-Үд хотод болсон ялалтын баярын жагсаалд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн баярын хүндэтгэлийн жагсаал 5 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Нэгдсэн жагсаал ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болсон. Харин зарим хотод ч баярын жагсаал нэгэн зэрэг болж улс орон даяар шууд дамжуулсан. Аугаа их ялалтыг байгуулахад Монголын ард түмний дэмжлэг байсан гэдгийг өнөөдөр ч хоёр улс тодотгодог. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд болж байгаа баярын жагсаалд манай улсын зэвсэгт хүчнийхэн оролцсоор ирсэн.
Тэгвэл Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод болсон ялалтын баярын жагсаалд Монгол улсаа төлөөлж Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид оролцлоо.
Тодруулбал Зэвсэгт хүчний Тусгай
хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол
Улсын Зэвсэгт хүчний 75 цэргийн алба хаагч энэхүү ёслолд оролцсон бол Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний
330 дугаар ангийн Н.Бат-Эрдэнэ ахлагчтай бие бүрэлдэхүүн аймгаа төлөөлөн амжилттай
оролцов. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн урилгаар
оролцсон бүрэлдэхүүнийг ахмад Б.Банзрагч командлан алхжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд
2015, 2020 онд буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн
ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр
хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж чадсан билээ.