Зар сурталчилгааны самбаруудын өнгө үзэмжийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Захирагчийн ажлын албанаас Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт хамгаалалтын байдалд ээлжит үзлэг шалгалтаа хийлээ.
Үзлэгээр хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй 15 зар сурталчилгааны
байгууламжийн хоёр зөрчлийг газар дээр нь арилгуулж, 13 реклам сурталчилгааг
шинэчлэн хэвийн байдлыг хангуулах талаар тухайн байгууламжийн эзэмшигч иргэн,
аж ахуйн нэгжид хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Нийт 32
сурталчилгааны өнгө үзэмжид шалгалт хийсэн ажээ.
Албан мэдэгдлийн дурдсан хугацаанд
гадна зар сурталчилгааны байгууламжийн зургийг шинээр сольж, өнгө үзэмжийг
сайжруулаагүй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг аймгийн ИТХ-ын 2019 оны 14/01 дугаартай тогтоолоор баталсан журмын дагуу албадан
буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөлөх аж.



