Грект “COVID-19”-ийн хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-22 12:44:34

АФИН. /CNN/. Грек “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудаа ирэх сараас үе шаттайгаар сулруулж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакис лхагва гарагт мэдэгдэв.


Засгийн газрын боловсруулсан төлөвлөгөөний дагуу кафе, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудыг тавдугаар сарын 3-нээс нээх бөгөөд ингэхдээ зөвхөн гадаа талбайдаа үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.


Түүнээс долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 10-наас бага, дунд сургуулиуд хичээллэж эхлэх бол 15-наас муж хоорондын зорчих хөдөлгөөнд тогтоосон хоригийг аялал жуулчлалын улирал эхлэхтэй зэрэгцүүлэн цуцлах ажээ.


Энэ долоо хоногийн эхээр Грек аялал жуулчлалын гол зах зээл болох Европын Холбоо, Их Британи, АНУ, Израил, Серби, АНЭУ зэрэг улсаас ирэх вакцин хийлгэсэн жуулчдад тавих тусгаарлалтын шаардлагуудаа цуцалсан юм.


К.Мицотакисын мэдээлснээр, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үнэн алдартны шашинтнуудын улаан өндөгний баярын дараачаас сулруулж эхлэх ажээ.


Тэрбээр мөн вакцинжуулалтад хамрагдахын ач холбогдлыг онцлоод, ирэх долоо хоногоос 30-аас дээш насныханд вакцин хийлгэх боломжтой болно гэдгийг мэдээлжээ.


Грект лхагва гаргийн байдлаар халдварын 323 639 тохиолдол илэрч, 9713 хүн нас барсан байна. 

Related news