“Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинарт оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-16 08:38:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлал Нэйпидо хотноо үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялагийн сайд нарын олон улсын семинарт өнөөдөр оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч семинарт хэлсэн үгэндээ “

Өдрийн мэнд хатагтай, ноёд оо,

Энэхүү семинарт оролцохоор Монгол Улс, Мьянмар, Киргизстан зэрэг улсаас хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улс бол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэвч энэ баялгийг зөв зохистой олборлож, менежмент хийнэ гэдэг бидний хувьд том сорилт болоод байна. Энэ салбарт бид чамгүй туршлага хуримтлуулж, алдаж оносон нь ч бий. Тэгэхээр энэ чиглэлээр хуримтлуулсан туршлагаа та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Монголын эдийн засаг өсөлт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан удаатай. Тухайн үед Монголын төсөв эрс нэмэгдэж, тэр хэмжээгээр зардал ч өссөн. Гэвч Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан нь манай орны өсөлт хөгжилд ч нөлөөллөө. Үүнээс хойш бид чамгүй бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.


 

Ингээд бид байгалийн баялгаа зөв зохистой ашигласан Норвеги тэргүүтэй улс орны туршлага, шийдлийг судалсан. Энэ салбарт бид бусад улс орны туршлага судалж, баялгийн сан байгуулах, улс төрийн манлайлал гаргах гэх мэт ажил чухал болохыг ойлгосон.

Байгалийн баялгаас ашиг ихээр орж ирэх үед Монголын улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө амлаж, хөрөнгийг их хэмжээгээр зарцуулснаас бид хатуу сургамж авсан. Уул уурхайн ашиг орлогын зарцуулалтыг оновчтой болгохоос гадна сайн засгийг хөгжүүлэх, авлигыг бууруулахгүй бол баялгийн зөв зохистой менежмэнт хийхэд бэрх юм гэдгийг бид ойлгосон. Ингээд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн, авлигын эсрэг хуулийг чангатгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, хуулийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн юм.

Бид чухам ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх болов? Хэрэв улс орон, ард иргэдийнхээ амьдралыг амгалан тайван байлгая гэвэл илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх нь Монголд зөвхөн төр засгийн биш бүх нийтийн хийх ажил болоод байна. Аливаа улс оронд аюул занал гаднаас биш дотроос нүүрлэдэг. Хөрөнгө мөнгө ихтэй дээрээс муу засаглал, менежменттэй бол бэрхшээл учирна.

Энэ чиглэлээр бид Норвегийн туршлагыг судалж, тус улсад айлчилж байсан. Манай хоёр орон байгалийн баялгийн зөв зохистой ашиглах талаар нягт хамтран ажиллаж, энэ салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, Монголд баялгийн сан байгуулах санаачлага гаргасан.

Монголчууд бид бусдад зааж сургах хүсэлгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сайн сургамж, туршлага бий. Монголын ардчиллыг хэрхэн хөгжүүлсэн, улс орноо хэрхэн нээлттэй ил тод болгосон, иргэний оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад бид чухам ямар саад бэрхшээлтэй тулгарснаа бид бусадтай хуваалцахыг эрмэлзэнэ.

Бидний туршлагаас суралцсан Киргизстанд саяхан ил тод нээлттэй сонгууль боллоо. Ардчилал, шударга ёс, хуулийн засаглалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх энэ сайхан ажилд өөрийн хувь нэмрээ оруулж буйдаа монголчууд бахархдаг.

Уул уурхайн салбар дахь Норвегийн туршлага яагаад хэрэгтэй юм бэ? Бид үр хойчдоо өр биш санхүүгийн боломжийг нь бүрдүүлж үлдээх ёстой. Энэ бол бидний хариуцлага.

Та бүхний зохион байгуулж буй энэ семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” хэмээв.

Related news