С.Энхсүх:Цэргийн алба хаана гэдэг эр зоригийн том сургууль болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-15 15:16:22

Өнөөдөр ээж, аавын эрх хүү эх орноороо төрийн албаараа овоглох болсноо батлан тангараглаж төрийн сүлдэндээ сөгдөн мөргөлөө.

Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит ХЦ-ийн 0101-р ангийн захирагч, хурандаа С.Энхсүх:”Өнөөдөр манай Хилийн 0101-р ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны 1-р ээлжийн хугацаат цэргийн алба хаагчдынхаа цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ жил манайд Улаанбаатар хот, Орхон аймгаас алба хаагчид ирсэн. Эдгээр хүүхдүүд маань сургалтын төвүүддээ амжилттай суралцаад өнөөдөр цэргийн алба хаагчийнхаа тангарагийг өргөлөө. Энэ удаагийн тангарагийн баяр маань сонгуулийн жилд тохиож буйгаараа онцлог болж байна. Нөгөө талаас Алтанбулаг чөлөөт бүсийн хамгаалалтыг хил хамгаалах байгууллага түүхэндээ анх удаа хамгаалах болсон. Энэ үүрэг манай ангид оногдож байгаа. Иймээс бидэнд шинэ үүрэг хэрэгжүүлэх, биелүүлэх давхар үүрэг ирж байгаа” гэж ярилаа. Эр цэргийн алба хаана гэдэг бол эр хүнд амьдрах ухаан, тэсвэр хатуужил олгохоос гадна эр зоригийн том сургууль болдог байна. Өөрөөр хэлбэл амьдралд зөв шийдвэр гаргах, амьдрах ухаан заадаг нэг жилийн их сургууль болдгоороо илүү ач холбогдол өгдөг ажээ. Баярын арга хэмжээнд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, аав, ээж, ах дүүс нь хүрэлцэн ирсэн байв.

Улаанбаатар хотын иргэн М.Дүнчигмаа:Миний зээ хүү өөрийнхөө хүсэлтээр цэргийн албанд явсан. Хүү минь сэргэлэн цовоо сайхан байна. Бас хоёр ч удаа шагнал авлаа. Цэргийн алба гэдэг чинь хүнийг эх оронч, тэсвэр хатуужилтай болгон төлөвшүүлдэг, хамгийн бахархалтай сайхан алба шүү дээ. Би зээ хүүгээрээ өнөөдөр маш их бахархаж байна” хэмээн хэллээ.

Тангараг өргөж байгаа хугацаат цэргийн алба хаагчид оролцогчдод тулааны үзүүлбэр, урлагийн тоглолт, жагсаалын үзлэг зэргээрээ бэлэг барилаа. Өнөөдөр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Хилийн цэргийн 0101, 0243-р ангийн бие бүрэлдэхүүн 2016 оны хугацаат цэргийн алба хаагчдынхаа тангарагийн баярын арга хэмжээг ёслолын байдалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news