УИХ-ын эмэгтэй гишүүд талцалгүй эв нэгдэлтэй байхын жишээ болж чадсан

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-06-10 16:35:30

УИХ-д суудалтай  5  намын 11 эмэгтэй гишүүн нэг бүлгэм байгуулан хамтран ажилласан нь нам эвсэл гэж талцалгүйгээр эв нэгдэлтэй байж болдгийн жишээ болж чадлаа хэмээн УИХ-ын Эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр “Монгол ньюс “мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэд 2012 оны сонгуулиар 3 байснаа 11 болсон нь том дэвшил байсан ч 76-д 11 гэдэг арай багадаж байсан. Гэхдээ бид эрчүүдийн тэр бүр анхаараад байдаггүй эхчүүд, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж тэдний дуу хоолой болж чадсан хэмээн тодотгов.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналт, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгал,  Соёлын тухай, Хог хаягдал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Монгол хэл, Түрээсийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах, Органик хүнсний тухай зэрэг хууль тогтоомжийг батлуулсан нь улс төрд дутагдаж байсан зөөлөн бодлогыг хангахад чухал нөлөө үзүүлсэн гэв.

Эмэгтэй гишүүд БСШУЯ-тай нягт хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласнаар урд жилүүдээс олон тооны сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэж чаджээ.

Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл барьсан ч хангалтгүй, шинээр 800 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөг шаардлагатай байна гэлээ. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 30 гаруй хувьтай тэнцэх хөрөнгө. Нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учраас өөр арга зам хайж Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж, УИХ-ын чуулганаар батлуулж амжилттай хэрэгжиж эхэлсэн. Тиймээс ирэх намраас гэртээ цоожтой үлддэг хүүхдийн тоо эрс буурна. Эхчүүд эмэгтэйчүүд бидний хувьд энэ бол хамгийн баяртай шийдвэр гэдгийг онцлов.

Ахмадын тэтгэвэр нэмэх, одонтой эхчүүдийн мөнгө, малчдын тэтгэврийн насыг шинэчлэх зэрэг өөрчлөлтийг ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр шийдвэр гаргах түвшинд, 2012 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудалд онцгой анхаарал хандуулан НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтран 10 гаруй жил хэрэгжиж чадаагүй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж чадсан.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярихдаа, “Эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцвэртэй байна гэдэг нь тогтвортой хөгжлийг хангаж байгаа хэрэг. Эрэгтэй гишүүд олон улсын харилцаа, эдийн засаг, улс орны аюулгүй байдал зэрэг асуудалд илүүтэй анхаарал хандуулдаг бол эмэгтэй гишүүд эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудалд анхаарлаа хандуулдаг” гэсэн юм.

З.Эрэвгийлхам

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news