МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг шүүхэд өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-09 18:32:06

Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан болон тус намын гишүүд дэмжигчид Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг шүүхэд өгч байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Монголын Залуучуудын холбооны санаачилсан “Хулгайчгүй Монгол” үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн “Хар жагсаалт”-ыг албан ёсоор зарласан. Энэ жагсаалт нь үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан 100 хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлэсэн. Тэгвэл  “Хар жагсаалт”-д уг 100 хар үйл явдалд  оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан бөгөөд эдгээр хүмүүсийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд битгий сонгоорой гэж олон нийтийг уриалж байгаа.

Энэ нь ямар ч баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн “70.8.Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө” гэсэн заалтан болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж тус намыхан  Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг шүүхэд өгчээ.

З.Эрэвгийлхам

Related news