Коронавирусний сэжигтэй хоёр тохиолдол илэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хоёрдугаар
сарын 7-нд Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэний шинжилгээнд
коронавирусний сэжигтэй тохиолдол илэрлээ. Энэ талаар аймгийн онцгой
комисс 21.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэв.
Дээрх иргэдийн тухайд гэр бүлийн гишүүд бөгөөд нэг нь өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатар хотод “Амгалан” амаржих газарт хэвтэн эмчлүүлээд өнгөрсөн долоо хоногт ирсэн аж. Дархан руу нэвтрэх үед аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй шаардлагыг тавьж гар утсанд нь жи пи эс суурилуулж тусгай программаар хянаж байсан байна. Тухайн иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг сайтар баримталж, нийгмийн харилцаанд ороогүй, долоо дахь хоногийн давтан шинжилгээнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга мэдээлэв.
Гэр бүлийн гишүүдийг
ХӨСҮТ рүү хүргэх бөгөөд эцсийн мэдээллийг ЭМЯ-наас мэдээлэх аж. Түүнчлэн эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлж байсан сувилагч болон бусад нэгдүгээр хавьтлын найман
иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан аж. Шинжилгээний хариу маргааш буюу энэ
сарын 14-ний өдөр гарна.
Коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Дархан сум дотор ямар нэг хөдөлгөөнд хорио одоогоор тогтоохгүй аж. Тодруулбал энэ сарын 10-ны өдрийн аймгийн Онцгой комиссын шийдвэр хэвээр мөрдөгдөнө. Өмнөх хуралдааны шийдвэр хэвийн мөрдөгдөнө. Харин 18 хүртэлх насны хүүхдүүд үйлчилгээний байгууллагаар үйлчлэхгүй хэвээр байгаа гэдгийг анхааруулав.
Хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Дархан
сумын багуудад 300 эргүүл нэмэлтээр ажиллаж гудамж, талбайд хяналт тавьж ажиллах бөгөөд золголт хийж буй иргэдэд Монгол Улсын
Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох аж. Учир нь шинийн нэгэн,
хоёронд ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, амар мэндийг нь мэдэх хугацаа
хангалттай болсон гэж үзжээ. Иймд иргэдийг сар шинийн золголт хийж айлаар явахгүй байхыг
аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.