Цаг агаарын мэдээг хэрэглэгчдэд хүргэх ухаалаг төхөөрөмжтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ долоо хоногт Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилчдыг хүлээн авч уулзав. Энэ үеэрээ цаг агаарын мэдээг хэрэглэгчдэд хүргэх ухаалаг төхөөрөмжийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Тус төвөөс системийнхээ хэмжээнд хэд хэдэн шинэлэг ажлуудыг нэвтрүүлснээ аймгийн Засаг даргад танилцууллаа. Тухайлбал, цаг агаарын мэдээг иргэд, малчдад мессежээр хүргэх ажлыг анх санаачилж Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.
Мөн цаг уурын мэдээний автомат хариулагч ажиллуулж эхэлсэн аж. Хөвсгөл, Увс аймгийн цаг агаарын мэдээг автоматаар хүргэх ажлыг давхар гүйцэтгэдэг байна.
Цаг агаарын сар, улирлын мэдээллийг хэрэглэгчдэд видео хэлбэрээр хүргэж хэвшжээ. Орон нутгийн бүх салбар цаг уурын автомат станцаар ажиглалт, хэмжилтийг хийж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний зарим бага, төхөөрөмжийг ч орон нутагт үйлдвэрлэж ашиглаж байгаа гэнэ.
Тэд ирэх жилүүдэд Ус цаг уур орчны хяналт шинжилгээний ажилд технологийн шинэчлэлийг нэвтрүүлж салбартаа тэргүүлэн ажиллах зорилтыг дэвшүүлжээ. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан Ус цаг уурын ажиглалтын болон орчны хяналт шинжилгээний сүлжээг өргөжүүлж, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн байна.