Соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хорих ангиудаас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс /ГХУСАЗСЗ/ Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдтэй хамтран хүний ёс зүй, хайрлахуйн ухааныг таниулах “Энэрэхүйн сургаал” лекц, сургалтыг зохион байгуулахаар боллоо.
Уг сургалтыг
хэрхэн зохион байгуулах талаар Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн хамба лам Ж.Мөнхсүх, Дархан-Уул аймаг дахь
ШШГ-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн, ШШЕГ-ын
харьяа хаалттай 435 дугаар ангийн дарга, хурандаа Д.Өлзийбат нартай уулзалт хийлээ.
Уламжлалт ёс заншил, хүмүүний ёс
суртахуун, байгаль орчинтой зөв зохистой харьцах ухаан, авах гээхийн ухаан,
нийгмийн харилцаа, сэтгэлзүйн сэдэвт энэхүү лекц сургалтыг эрхээ хязгаарлуулан
хоригдож буй иргэдэд чиглэн явуулах тал дээр санал нэгдэж, ёс суртахууныг
хэрхэн өөртөө бий болгох, уламжлалт зан заншлаа мэдэх зэрэгт суралцах хэрэгтэйг чухалчилж ийнхүү шийдсэн байна.
Ингэсэнээр
хорих ангид
хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан
оролцоход дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,
төлөвшлийг бий болгоход монгол хүний сэтгэхүйн онцлогт нийцсэн “Энэрэхүйн сургаал”
лекц ихээхэн үр өгөөжтэй хэмээн онцолж байгаа аж.
Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн 10.2.6-д “Гэмт хэрэг, зөрчил үйлдэх, үйлдэгдэхээс
өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, дадал, чадварыг бий болгоход
чиглэсэн арга хэмжээг авах” тухай заасны дагуу дээрх арга
хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Уг сургалтыг цаашид өсвөр залуу
үеийнхэнд явуулахаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд
тусгажээ.