Тусгай бүлгийн сурагчид бадминтоны тэмцээнд амжилт үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-05-31 00:11:36

Диф буюу сонсголгүй иргэдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх амжилт үзүүлэн Дэлхийн аварга болсон  Н.Эрхэмбаяр хүү “булган сүүлтэй” байна.

Түүний ангийн нөхдүүд болох, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Ч.Булгантамир, Г.Лхагвабат нар БНХАУ-д болсон Азийн зүүн бүсийн орнуудын тусгай олимпийн бадминтоны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, ганцаарчилсан төрөлд мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.

Бадминтон буюу агаарын теннисийн спорт нь Өвөрхангай аймагт төдийлөн хөгжөөгүй бөгөөд дасгал бэлтгэл хийх боломж хомс байдаг байна. Ч.Булгантамир, Г.Лхагвабат нар ангийн багш АБТА Х.Пүрэвсүрэн, БТСГ-ын дасгалжуулагч н.Дониддэмбэрэл нарын тусламжтайгаар нэг сарын хугацаанд бэлтгэл хийгээд явсан ч энэхүү өндөр амжилтыг үзүүлсэн юм.

Уг олимпод Зүүн ба Дундад Азийн 10 гаруй орноос 100 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсаас таван хүүхэд явжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news