"Хайрын цэнэг" аяны хүрээнд 1000 өрхийн харилцаа, холбооны нэг сарын хэрэглээг хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүх нийтийг хамарсан "Ковид-19" цар
тахлын үед халдварын тоо баримт, нэг, хоёрдугаар болон ойрын хавьтал,
маршрутын талаар мэдээлэл өдөр бүр өөрчлөгдөж байна. Ийм учраас эрсдэлт бүлгийг
тогтмол мэдээлэлтэй байлгах, шинэ мэдээллийн урсгалаас хоцрохгүйгээр аливаа
мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилготой “Хайрын
цэнэг” сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.
Уг аяныг Дархан-Уул аймгийн
Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр,
Г.Дамдинням нарын Ажлын алба болон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн
газар дэмжин ажиллаж байна. Мөн үүрэн телефоны Мобиком корпораци, Юнител групп
хамтран хэрэгжүүлж байгаа юм.
“Хайрын цэнэг” аяны хүрээнд
Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 1000 өрхөд 20-30
хоногийн турш харилцаа холбоо, мэдээ мэдээлэл авах боломж бүрдэнэ. Үүрэн
телефоны компаниудын багцуудаас хамааран: Нэг өрхөд 4000-10000 нэгж, 3-7 GB
дата, 20-30 хоногийн хугацаа сунгагдах эрхийг бэлэглэх бөгөөд шаардлагатай
тохиолдолд шинэ дугаар гардуулах юм. Өнөөдрөөс эхний өрхүүдийн утсыг цэнэглээд
эхэлжээ.