Тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-16 17:18:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгавар, Засаг даргын 2020 оны 01-А/366 дугаар захирамжийг зөрчин согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан аж. Тодруулбал Дархан сумын 7 дугаар багийн “НЦМ” ХХК-ийн “Мийгаа”, 9 дүгээр багийн “Өрлөгүүдийн буян” ХХК-ийн “Баян хан-хөхий” хүнсний дэлгүүрүүдийн согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлийг Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна.

Иймд дээрх дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж хүчингүй болголоо.

Монгол Улсад коронавирусний халдвар илэрч, нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг зарлаж, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан дүрэм, журам, заавар зөвлөмжийг зөрчихгүй байх цаашлаад гамшгийн эсрэг бүх нийтийн бэлэн байдлын энэ цаг үед архи, согтууруулах ундаа худалдахгүй байхыг анхааруулж байна

Related news