Зорилтот бүлгийн 20 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, нүүрс олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-15 16:42:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд зорилтот бүлэгт чиглэсэн ажлууд өрнөж байна. Аймгийн хэмжээнд тусламж шаардлагатай 1200 орчим өрх байдаг аж. Өдөр бүр тодорхой хуваарийн дагуу аймаг, сумын онцгой комисстой хамтран иргэд, ААНБ-ууд тусламж хүргэж байна. Үүнийг түүчээлж УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөр судалгаанд үндэслэн 20 өрхөд нүүрс, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн өглөө. Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнс тэжээлийн хомстолд өртөх магадлалтай дээрх өрхүүд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ажлын албаны дарга Г.Батбаяр, Дархан сумын онцгой комиссын гишүүн Л.Чинзориг харъяа багийн дарга нарын хамт айл өрхүүдээр явж хүлээлгэн өглөө. Тусламжид хамрагдсан иргэд цаг үеэ олсон сайхан үйл хийж байгаад талархахын зэрэгцээ ажилд нь амжилт хүслээ.

Сумын онцгой комиссын гаргасан судалгаанд үндэслэн тусламжид хамрагдсан айл өрхийг давхардуулахгүй байх үүднээс хуваарь гарган бүртгэл хийж байна. Цаашид энэхүү зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн олон ажил өрнөнө гэж УИХ-ын Б.Баттөмөрийн Дархан-Уул аймаг дахь ажлын албаны дарга Г.Батбаяр мэдэгдсэн.

Түүнчлэн ажлын албанаас Дархан-Уул аймгийн СӨББ буюу цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч кварцан гэрэл олгох, Геронтологийн төвийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал хүндэрсэн үед эмчилгээний зориулалтаар ашиглахаар бэлтгэл байдлыг ханган ажиллаж байгаа гэлээ. 

Related news