Төмөр замынхаа бүтээн байгуулалтын нээлт бүрт уртын дуугаа дуулж байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2020-11-02 13:40:48

  Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам” ХНН бол 16 мянга шахам ажилтантай манай улсын хамгийн том ажил олгогч байгууллагын нэг юм. Тус байгууллагад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэдний нэг бол МУСТА, уртын дуучин Ц.Отгонцэцэг. Түүнийг дуунд дуртай монгол түмэн “Говийн эгч, дүү уртын дуучид”-ын нэг гэдгээр нь сайн танина. Төмөр замын Дуу бүжгийн чуулгатай ажил хөдөлмөрийнхөө 25 жилийг аргамжиж, мянга мянган төмөр замчдын дунд эрдэнийн шигтгээ мэт гялалзаж яваа түүнийг ярилцлагынхаа зочноор урилаа.


    Ингэний буйлаанд торнисон бага нас
Өөрөө Даш овогтой ч нутаг усныхаа нэршлээр Талын Цэрэн хэмээн алдаршсан есөн хүүхэдтэй эгэл жирийн малчин айл байх. Өнөр бүлтэйг хэлэх үү, говийн малчдын ажилсгийг хэлэх үү, хүүхдүүд нь ээж аавдаа эрхэлж нялхрах тухай мэдэх ч үгүй. Гурав, дөрвөн настайгаасаа л морь, тэмээ унаж малын зах эргүүлэн тусад орцгооно. Говь нутагт ундны ус хомс. Худгаасаа хол болохоор нар мандахаас өмнө босож, малаа бэлчээнэ. Хонио тайван хариулж явсаар дүн үдэд бэлчээрээр нь худагт хүрнэ. Ганц худаг дээр ээлжээр малаа услах гэж бөөн ажил болцгооно. Эхлээд хонь ямаагаа, дараа нь үхэр адуугаа, хамгийн сүүлд тэмээгээ усална. Говийнхон үүнийг “хорилго хорино” гэж нэрлэдэг. “Шилбүүрээ сайн шавхуурдаарай, миний охин” гэж тээр холоос аав нь хашгирахад шилбүүрийн хуйваар салхи исгэрүүлэн гүйж явсан сайран хацартай, салаа гэзэгтэй сөөсгөр охин бол өнөө цагийн уншигч та бүхэнтэй уулзуулах хөргийн маань эзний бага нас...
  -Намайг аав, ээж маань отгон хүүхдээ гэж бодож л Отгонцэцэг хэмээн нэрлэсэн байх. Гэхдээ л би араасаа хоёр ч дүү дагуулсан хүн шүү дээ. Хүний ухаан орохоосоо л малынхаа наана, цаагуур гүйлдэж хөдөөний хүүхдүүдийн адил борогдуу талдаа л өсөж, өндийцгөөсөн дөө, бид. Удалгүй ах эгч нар эхнээсээ сургуулийн сурагч болж явсаар миний ээлж боллоо. Миний дээд талын эгч учир зүггүй уйлаад л. Би харин чанга, чанга дуулаад л сургуульдаа явж билээ. Сумын төв байтугай бригадын төв рүүгээ очиж үзээгүй хүн, баяртай яваа нь тэр байхгүй юу. Хоорондоо 1-2 насны зөрүүтэй болохоор дөрвүүл хамт сургуульд мордсон сон. Тэр хавийнхан бүгд нийлээд л олон морьтой хүмүүс сумын төвийг зорилоо. Сургуулийн хүүхдүүдээ дагуулсан хүмүүс Баянцагаан-Овоо хүртэл ергүүлж, хатируулаад л тайван явцгаав. Овооны хажууд бууж түр амсхийснийхээ дараа харин сумын төв хүртэл хурдны морьд унацгаасан юм шиг уралдацгааж билээ. Аав маань биднийг дотуур байранд оруулж, таньдаг айлдаа нэг хоноод буцах боллоо. “Миний охин ингээд үлдэж чадах уу?” гэж байна. “Чаднаа” л гэв. Гэтэл аав морьдоо хөтлөөд мордох үед уйлаад, дагаж гүйлээ. Надаас гурван насаар илүү ах маань “Хоёулаа агент оръё” гэсээр авч үлдсэн юмдаг. Ах уйлсан дүүгээсээ ичсэн үү яасан. Агент Батаа гуайн гадаа очоод “Нэг айлын хоёр хүүхэд хамт орвол загнадаг юм. Миний дүү наанаа зогсож бай” гээд ганцаараа орж чихэр жимс авчирч өгөн тайтгаруулж билээ” хэмээн хүүхэд ахуй цагийнхаа гэгээн дурсамжаас яриагаа эхэлсэн юм.
Аавынхаа өврөөс ч гараагүй явсан Ц.Отгонцэцэг ингэж л эрдмийн их өргөөнд хөл тавьсан түүхтэй. Эхэндээ эрэгтэй, эмэгтэй дотуур байраа ялгахгүй төөрч явсаар нэг л мэдэхэд ахынхаа байр руу яваад орчихдог байж. Ингэсээр төд удалгүй сургуульдаа ч дасаж, догь сурагч болов. Уламжлал болгон зохиодог сурагчдын урлагийн үзлэг болоход дүү нар ер нь ах эгчийгээ л дуурайдаг нь бичигдээгүй дүрэм юм хойно тэр нэгдүгээр ангиасаа л дуулж эхлэв. Ах эгч нар нь сурлагаараа онцгой сайн биш ч бүгд урлагийн үзлэгт оролцдог зэргийг нь анзаарсандаа ч тэр үү түүнийг гуравдугаар ангид орсон жилээс дуу хөгжмийн багш Адъяабазар илүүтэйгээр анхаарах болжээ. Тэрбээр “Багш маань “Эрдэнэ засгийн унага”, “Эр бор харцага” уртын дууг сайхан дуулдаг. Өөрөө хөгжмөө тоглочихдог, авьяаслаг хүн байсан. Би ч “Эгч, ах нар дуулж байгаа юм чинь би дуулах л ёстой юм байна” гэсэн ойлголтдоо хөтлөгдөөд явсан” хэмээн хуучиллаа.
        Д.Цэрэн гуайн хүүхдүүдээс хамгийн том нь англи хэлний багш, гурван охин нь дуучин, нэг хүү нь биеийн тамирын багш мэргэжил эзэмшсэн байна. Бусад нь нутаг усандаа мал ахуй эрхлэн амьдардаг аж. Түүний төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадаас 10 гаруй мэргэжлийн уртын дуучин төрсөн гэдэг.


   Ээжийн захиасаас зөрж, эгчийн мэргэжилд дурласан нь
Ц.Отгонцэцэгийн ээж охиндоо хандаж, “Энэ олон хүүхдүүдээс нэг нь заавал эмч байх ёстой. Миний охин эмч бол” хэмээн захьдаг байж. Ах эгч нар нь ч түүнийг эмч болно гэдэгт бүрэн итгэсэн байв. Тэр өөрөө ч “Би эмч болох юм байна” гэсэн бодолтой явжээ. Сумын найман жилийн сургуулийг дүүргэж, есдүгээр ангийн сурагч болоод байтал хотод оюутан байсан Ц.Чулуунцэцэг эгч нь төрөв. Түүний эгч Ц.Чулуунцэцэг “Өнөр бүл” киноны “мэнгэтэй” Цэрмаагийн дүрд тоглосон тухайн цагтаа олны танил байжээ. Ингээд Отгонцэцэг хүүхэд харагчаар хотод ирж ес, аравдугаар ангиа төгсжээ. Эгчийндээ амьдарч байхад ангийнх нь хүүхдүүд гээд хачин сайхан бүсгүйчүүд ирнэ. Нүүрээ будаж, үсээ ороогоод л “Тэр тийм ч сайхан дуу дууллаа. Энэ дуу ийм сайхан” гэж хоорондоо ярилцаад, дуулалдаад л... “Үсний индүү гээч зүйл анх гарч байсан цаг. Тэднийг харсаар байгаад нэг мэдэхэд анхны зорилгоосоо эрс хувирсан даа. Чука эгч АШУИС-д шалгалт өгүүлэх гээд байдаг. Би ч зөрж зүтгэсээр СУИСТ-д шалгалт өгсөн. 1990 онд шүү дээ. Тэр өдөр өөрийн төрсөн ах Энхбаяр, бас манай хамаатан уртын дуучин Отгонмаа гээд төрөл садны олон хүнтэйгээ хамт шалгалтад орсон(инээв). Шалгалтын үеэр Н.Норовбанзад багшийн тухай баримтат киног Японы NHK телевизийнхэн хийж байсан юм билээ. Биднийг дээлтэй ирээрэй. Телевизийн зураг авалтад орно гэж захив. Гэтэл Н.Норовбанзад багш эхний шатны шалгаруулалт дээр “Охиныг нь авнаа” гээд намайг шууд сонгосон юмдаг. Ийнхүү  МУГЖ Х.Үнэнхүү, С.Цогтсайхан, Б.Ганхуяг гээд 15-уулаа СУИС-ийн нэг ангид орж байлаа. Бид СУИС гэж нэрлэгдсэний анхны элсэгч нар. Тухайн үед СУИС-д дуурийн дуучны л анги байснаас уртын дуучны анги байгаагүй. Ер нь, тэр үед СУИС улсын бодлогоор дуучин бэлтгэдэг болохоор хоёр жил өнжиж байж 23-аас дээш насныхнаас дуучнаар элсэлт авдаг байсан. Би харин азаар 18 настайдаа элссэн. Х.Үнэнхүү, С.Цогтсайхан бид гурав л нас ойролцоо. Бусад нь дандаа ах, эгч нар. Ингээд С.Цогтсайхан бид хоёр ангиасаа уртын дууны төрөлд анхдагчид нь болж суралцсан юм.
       Ангийн багш маань “Ардын элч”-ийн Ариунаа буюу П.Цэвэлсүрэн багш байв. Анхны элсэгчдийг багш нартай нь танилцуулж, хурал хийхэд МУАЖ Н.Норовбанзад, А.Загдсүрэн, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Д.Жамъянжав, МУГЖ Д.Ичинхорлоо, П.Цэвэлсүрэн, М.Найдалмаа гээд зөвхөн зурагтаар л харж байсан алдартнууд өмнө суучихсан... Хэчнээн гайхамшигтай байсан гэж санана. Тэрнээс хойш зах зээлийн шилжилтийн үе ч эхэлж, уртын дуучнаар суралцах хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. Одоо бол 20 хүүхэдтэй бүтэн анги уртын дуучнаар хичээллэж байна. Миний багш Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор Ц.Дэлгэр гэж хүн байлаа. МУБИС-ийн найрал дууны ангийг төгссөн анхны мэргэжлийн уртын дуучин хүн” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.


  Хос харгуйгаар замнасан 25 жил
Төмөр замын Дуу бүжгийн чуулгын дарга асан Л.Сэнгээ: “Намайг 1998 онд чуулгын даргаар томилогдон ирэхэд Ц.Отгонцэцэг ажилд ороод удаагүй байсан юм билээ. Манай Отгоо уран бүтээлч сэтгэлгээтэй, хариуцаж авсан ажилдаа яс ханддаг хүн. Би түүнтэй өөрийнхөө зохиол “Ээ дээ, энэ цаг үе үү” жүжиг, “Амьдрал гэдэг галт тэрэг” хөгжимт жижгүүдээс эхлээд олон уран бүтээлд хамтарч ажилласан. Тухайн хоёр жүжгийн гол дүрийн бүсгүйн ааш зан, амьдралын хэмнэлийн хувьд тэс өөр байсан. Гэсэн ч манай Отгоо дүрээ маш сайн гаргаж чадсан. Манайхан орон нутагт ажилласан бараг тал хувийг нь Отгонцэцэг ахалж явсан. Энэ нь, хамт олноо сайн зохион байгуулдгийн илрэл юм даа. Дээр нь, говийн бүсгүйчүүдийн уужуу тайван ухааныг өвлөсөн, тал шигээ уужим сэтгэлтэй хүн. Ямар ч ажил даалгасан өөдөөс “Би чадахгүй” гэж огт хэлдэггүй. Харин “Яаж хийх вэ?” гэж асуудаг. Ц.Отгонцэцэгийн ахалсан бригад хэзээд амжилттай яваад ирнэ гэдэгт итгэл төгс байж болдог. Аймаг, сумын Засаг дарга нартай хэл үгээ олохоос эхлээд амаргүй ажил шүү дээ. ОХУ, АНУ, БНХАУ гээд гадаадын олон оронд зөвхөн төмөр замчид төдийгүй эх орноо төлөөлөн уртын дуугаа сурталчилан таниулж ирсэн чадварлаг уран бүтээлч юм. Ингээд бодохоор саяхан түүнийг СУСТ-ийн уран сайхны удирдаачаар томилсон нь нүдээ оллоо гэж би хувьдаа харж байгаа хэмээн ярилаа.
      -Би 1996 онд СУИС-аа төгсөөд Соёлын яамны томилолтоор Төмөр замын Дуу бүжгийн чуулгаас ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Тухайн үед манай чуулгын дарга Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Дамдинжав байлаа. Найрал дууны багшаар төгссөн, хүн чанар сайтай, маш сайхан хүн байсан даа, Даамиа дарга маань. Урлагийн байгууллагын хүн ямар байх ёстойг энэ хамт олноосоо сурсан. Нэг л мэдэхэд энэ буянтай сайхан ордондоо 25 жилийг үдэж дээ. Эхэндээ, төмөр замын талаар ямар ч ойлголтгүй. Вагонд ч сууж үзээгүй. “Эд нар маань “Төмөр замын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга” гээд л ярьцгаана. Гэтэл тэр нь Р.Раш гэдэг нэг л хүн. Тэр тусмаа манай аймгийн хүн байсан юм билээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бэрхшээл зовлон гэхээсээ сайхан дурсамж илүү санагдах юм даа. Намайг ажилд орсны дараахан вагонтой бригадаар ёстой л “жийгүүлж” өгдөг байлаа. Анх явахдаа “Дотор нь ийм тухтай хэвтэж амраад, хоол ундаа идээд, дулаахан явдаг унаа бас байдаг аа. Ямар сайхан юм бэ” гэж биширч билээ. Бас зөрлөг бүрт хүрч тоглохын тулд “Бууж суудаг бригад” гэж их явдаг болсон. Хоёр минут тутамд бууж, сууна. Сүүлийн үед харин тэгж явсангүй. Дараа нь Л.Сэнгээ дарга ирж, фургонтой болов. Машинтайгаа хөдөө орон нутагт мөн ч их явсан даа. Манай хамт олон 17 аймгийн 200 гаруй суманд хүрч тоглолт хийсэн юм даг. 30 настайгаасаа бригадаа ахлан явж эхэлсэн. Нэг удаа Өмнөговь руу бригадаа ахлаад явлаа. Ингээд тухайн аймгаа бүтэн тойроод Гурвантэс суманд очив. Цайны цаг таарсан болохоор Засаг даргынх нь гэрт очлоо. “Та нар юугаар ирэв?” гэж байна. “Фургоноор” гэвэл. “Үгүй ээ, аймагт чухам юугаар ирснийг чинь асууж байна л даа?” гэв. “Фургоноор” гэвэл. Нэлээд гайхсан аятай харснаа “Хэн нь ахалж яваа юм бэ?” гэж байна. “Би” л гэлээ. “Чи юу даа?” гээд л нүдээ томруулан харж билээ. Тэр өвөл Өмнөговьд 30 жил ороогүй их хэмжээний цас унасан байсан. Ядаж байхад жолооч маань хүрзгүй гарчихсан. Төмөр аягануудаараа цас малтаад л ёстой уйлж, дуулж явсан даа. “Усны эх нь хойноо, уулын эх нь урдаа” гэж үнэн юм билээ. Дэнхийсэн том уулнуудтай, машин хазайчихна. “Би буугаад алхаж байя аа” гээд хашгирна(инээв). Жолооч маань зам сайн мэдэхгүй хойд замд яваад буцаж ирэхдээ техник огт явж байгаагүй даваагаар даваад ирсэн л байсан. Тэр бүгдийг эргээд бодоход айдас төрмөөр ч сайхан дурсамж үлдэж шүү дээ. Би төмөр замчдын мэргэжлийн баярын нээлтийг 16 жил уртын дуугаараа эхлүүлсэн. Энэ миний хувьд маш том бахархал. Ер нь, 1996 оноос хойш УБТЗ-ын хэмжээнд болсон бүхий л бүтээн байгуулалтын шав тавих, тууз хайчлах ёслолд нь оролцсон болохоор одоо хажуугаар нь өнгөрөх бүртээ “Нээлтэд нь би дуулж байлаа” гэж бодоход сайхан. Төмөр замд ямар л хүндтэй төлөөлөгч ирнэ нисэх буудал дээр хадагтай сүү бариад тосдог, үддэг тийм тохиол хүн бүрт олдохгүй аз завшаан шүү дээ.. Би өглөө бүр ажил руугаа явахдаа “Төрийн минь хишиг, төмөр замын минь буян” гэж дотроо сүсэглэдэг. Төмөр замын чуулгадаа бол маш их хайртай. Хааяа чуулгын маань үүдний боржуур дээр том машин гараад зогсчихсон байхтай тааралдвал яс хавталзах шиг болно” хэмээн ажил мэргэжлээрээ бахархлаа.


   Сайн хүн байхын тулд сайхан хүмүүсээс жишээ авдаг
СУСТ-ийн хөгжимчин Г.Сумъяарагчаа хамтрагчийнхаа тухайд “Урлагийн хүн мэдээж гаднах харагдах байдал, гоо зүйгээ маш сайхнаар авч явах ёстой. Гэхдээ гаднах байдлаа, дотоод сэтгэлтэйгээ хамтад нь сайхнаар авч явна гэдэг амаргүй. Манай Отгоо бол дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж явдаг. Хэлэх гэснээ ил цагаанаар шулуухан хэлчихээд цаанаа элдвийг бодохгүй цагаахнаараа явдаг хүн. Энэ чанараараа Отгоо бид хоёр ойролцоо. Гэхдээ манай хүн намайг бодвол хүлээцтэй, уужуу тайван талдаа хэмээн” дүгнэсэн юм.
Хөргийн маань эзэн өөрийнхөө тухайд харин “Манай аав ээжийн үеийн малчин гэр бүл үр хүүхдэдээ суурь хүмүүжлийг нь маш сайн тавьж өгдөг байж дээ гэж би боддог. Дээр нь, урлагийнхнаас хүмүүс гоо сайхныг л олж мэдрэх ёстой. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг шүү дээ. Энэ ч утгаараа би тоглолтынхоо хувцасны загварыг гаргаад өөрөө оёдог байлаа. Зургийн авьяасгүй болохоор дотроо бодож байгаад л түүнийхээ дагуу хийдэг. Сургуулиа дөнгөж төгссөний дараа захиалгаар хийлгэх боломж ч тааруу. Зөвхөн өөрийнхөө гэлтгүй найз нөхдийнхөө ч хувцсыг оёж өгнө. Урлагийнхны нэг дутагдалтай тал ар гэрээ л орхичих гээд байдаг. Нэг удаа хамт ажиллаж байсан бүжигчин маань МУСТА болоод нутагтаа очиж тоглохоор болов. Би тэр үед охинтойгоо эмнэлэгт хэвтэж таараад. Л.Сэнгээ дарга харин “Ц.Отгонцэцэгээр ахлуулж явахгүй бол бригад явуулахгүй” гээд хэлчихсэн юм билээ. Надаас ирээд гуйхаар нь “За, за” гээд л охиноо эмнэлэгт орхиод явчихаж билээ. Залуу ч байж дээ. Миний охин ёстой л хар багаасаа бие дааж өссөн. Одоо Солонгост “Fashion designer”-ээр сурч байгаа. Бас нэг удаа Дундговь, Өмнөговь руу томилолтоор явахаар болоод дармалаар “Ээж нь бригад явлаа. 21 хоноод ирнэ. Миний охин хичээлээ тараад Сумъяа эгчийндээ очоорой” гэсэн зурвас үлдээгээд явсан. Охин минь тэгэхэд нэгдүгээр ангид байсан болохоор дармалаар бичсэнийг уншчихдаг байсан юм. Дээр нь, ар гэр, ах дүү хамаатан садан их тусална л даа. 21 хоногийн дараа бригадаас иртэл охины минь эсгий гутлын хоншоор цоорчихож. Түүнийг нь оёод өгтөл охин минь “Ээж гэдэг хүн уг нь их хэрэгтэй юм аа” гэж билээ. Нэг удаа Сумъяагийн охиныг сургуулиас нь аваад байж байтал ээж нь “Манай охины хичээлийг хийлгэж байгаарай” гээд утасдав. Гэтэл сургууль дээр нь цүнхийг нь мартаад гарчихсан байж билээ. Бид ер нь гэртээ байх нэгэндээ хүүхдээ орхиод л явдаг байлаа шүү дээ” хэмээн хөгжилтэй дурсамж хүүрнэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
        Түүний үеэл дүү Л.Нарангэрэл “Би хар багаасаа л Отгоо эгчтэйгээ ойр өссөн. Миний хамгийн хайртай эгч, хамгийн ойрын зөвлөгч, ер нь хэзээ ямагт ард минь “асаалттай танк” шиг зогсож байдаг хүн дээ. Би эгчийгээ хувь хүнийх нь төдийгүй уран бүтээлчийнх нь талаас ч үргэлж үлгэр дууриалал авч явдаг. Маш сайхан сэтгэлтэй, хүний төлөө, хэн ч гэрт нь очсон байгаа бүхнээрээ дайлж цайлдаг. Ер нь л их гэгээлэг хүн. Эгч минь амьдралдаа энгийн хэрнээ маш нямбай. Байгаа орчиндоо үнэхээр тансаг, эрхэмсэг байдлыг бүрдүүлж чаддаг” гэж дүгнэсэн. Нээрэн л Ц.Отгонцэцэг хуурын чавхдас шиг хос харгуйтай ажил амьдралын замналаа хоёргүй сэтгэлээр гагнасан уран бүтээлчдийн нэг юм.
                                                                                                                                                                              Б.Дэлгэрхишиг

Related news