Энэтхэг улстай боловсролын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сомнат Гхош энэ сарын 15-16-ны өдрүүдэд Баянхонгор аймагт албан айлчлал хийлээ.
Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, боловсрол эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсон байна. Энэтхэг улсад аймгаас урт болон хугацааны сургалтуудад төрийн албан хаагчид, эмч, багш нарыг сургах хүсэлтэй байгаагаа ИТХ-ын дарга Д.Ширмэн илэрхийлж, жил бүр шалгуурт тэнцсэн тодорхой тооны албан хаагчдыг Энэтхэг улсын зардлаар сургалтад хамруулж байхаар тогтлоо. Сургалтад хамрагдахыг хүссэн албан хаагчдад тавигдах гол шалгуур нь англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх аж. Мөн Ирэх жилээс бакалаврын түвшинд мэдээллийн технологи зэрэг салбаруудад оюутан сургах юм.
Жил бүрийн 12 болон 1 дүгээр сард олон нийтэд нээлттэй болдог урт хугацааны сургалтын зарыг Монгол улсын бүх аймгуудад жигд, хүртээмжтэй хүргэхийн тулд аймгуудын ЗДТГ-т мэдээллийг албан бичгээр хүргүүлэх бөгөөд аймгийн ЗДТГазар энэ мэдээллийг сумдад хүргэх тал дээр анхаарч ажиллахаар болжээ.
Аймгийн зүгээс сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд эдгээр бүх асуудлуудаар холбоотой байж ажиллана гэдгээ албан ёсоор хэлсэн. Баянхонгор аймагт сайн дурынханыг ажиллуулах тал дээр судалж үзэн, боломжтой тохиолдолд Элчин сайдын зүгээс татгалзах зүйлгүй, дэмжиж ажиллана гэлээ.
Сонирхуулахад, Элчин сайд Баянхонгор аймгийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар Их Богд уулын энгэр, Орог нуур орчим, Шаргалжуут тосгонтой танилцан байгалийн сайхныг биширч, сэтгэл өндөр байлаа.
Б.Мөнхзул