Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-г зээлийн барьцаанд тавьчихаад баярлаад явж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-11 14:32:31

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар "Оюутолгой"-н асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Тэд өнгөрөгч бямба гарагт болсон "Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтын нээлттэй холбогдуулан мэдээлэл хийж байгааг онцлов. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Дубайн гэрээ"-гээр 6 тэрбум ам.долларыг олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авч байгаа. Ингэснээр Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашгийг 16 жилээр ухрааж, Монгол Улс ачуулсан баялгийнхаа 5-хан хувийг авч үлдэх болсон. Гэтэл одоо Ерөнхий сайд гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээлээ гэчихсэн баяр хийгээд явж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Энд баярлаад байх зүйл байхгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бид Оюутолгойн асуудлаар 2008 оноос өнөөдрийг хүртэл тодорхой байр сууриа илэрхийлж ирсэн гишүүдийн төлөөлөл. "Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын болон санхүүжилтын төлөвлөгөө" нэртэй 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубайд очиж хийсэн гэрээ бол луйврын гэрээ. Төлөвлөгөө нэрээр өнгөлөн далдалсан энэ гэрээгээр Монголынхоо эрх ашгийг худалдсан. "Оюутолгой"-н төсөлтэй холбоотой ҮАБЗ-ийн 6 шийдвэр, УИХ, Засгийн газрын нийт 17 тогтоол гарсан байдаг. Эдгээрээр Монголын талын эзэмших хувийг 50-аас доошгүй хувьд хүргэх, Зэс хайлуулах үйлдвэр барих, Гэрээ хэлэлцээрийг ил тод, нээлттэй явуулах, Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон суурьшил, хот тосгон, зам, ус, цахилгаан эрчим хүчний хангамж, байгаль экологи, нийгмийн асуудлуудыг багтаасан зөвлөмж, чиглэл гаргасан. Гэтэл одоо "Оюутолгой"-г зээлийн барьцаанд тавьчихлаа. Хөрөнгө оруулагчид болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ өөрчлөгдсөн, Монголын талын хүртэх хувийг тодорхойгүй, 2015 оны ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон зэрэг ноцтой алдаатай шийдвэр гаргачихаад сайн сайхнаар сурталчлаад явж болохгүй" гэсэн юм. 

Дээрх гишүүд цаашид ч "Оюутолгой"-н төслийг тойрсон алдаа дутагдлыг цаг тухайд нь нийтэд мэдээлж явна гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд хэлж байв.  

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news