“Дархан хотын хүндэт дэвтэр”-ийг сэргээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хотын алдартнуудын сэтгэгдлийг мөнхөлсөн “Дархан хотын хүндэт дэвтэр”-ийг аймгийн Засаг дарга А.Энхболд олж сэргээлээ. Таван хошуу малын дүрстэй Бүгд Найрамдах Улсын хуучин сүлдийг хавтасны нүүрэн талдаа залсан уг дэвтрийг Дархан хотын суурийг тавьсны дараа жил 1962 онд нээжээ.
Хатуу хавтастай зузаан улаан дэвтрийг их олон хуудастай хийсэн нь ч учиртай. Энэ дэвтэрт 2005 оноос хойш салхи оруулаагүйгээс болоод тоосонд дарагдаж мартагдсан байжээ. Дэвтрийг аймгийн Засаг дарга А.Энхболд сэргээсэн тухайгаа ярихдаа:-“Энэ дэвтрийг 11 жилийн дараа олж авах үед тун билэгшээлтэй үйл давхацлаа. Дэвтрийг гаргаж ирээд тоос шорооноос нь цэвэрлэсэн тэр өдөр гавъяат жүжигчин Б.Сарантуяа Дарханд ирж таарсан. Дуучин Сарааг манай Дарханы унаган охин гэдгийг бүгд мэднэ. Аав Батмөнх нь Керамзитийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан бол ээжийнх нь олон шавь Дарханд бий. Хотынхоо билэг дэмбэрэлээ бодож Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Сарантуяаг төрийн ёслол хүндэтгэлийн өргөөндөө урьж хүлээн авч хүндэтгэл үзүүлж хотынхоо “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүлж өргөмжлөл гардуулсан. Одоо ингээд бид Дархан хотын “Хүндэт дэвтэр”-ийг ахмадууд маань анх нээж эхлүүлсэн тэр л журмынх нь дагуу цаашдаа тогтмол үргэлжлүүлж хөтлөх болно” гэв.
Хүндэт дэвтрийг сөхөнгүүт л эхний хуудсанд Хөдөлмөрийн баатар саальчин Д.Тамжидийг анхлан бичжээ. Араас нь Дарханы бүтээн байгуулалтад оролцож хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартнууд жагссан байх юм. Орос ах нар ч их олон оржээ. Чех, Польш, Болгар, Унгар, Герман хүмүүсийн нэрс зурагтайгаа байна. Хөдөлмөрийн баатар, гавъяатууд, төрийн шагналтнууд бүгд байна. Шарын голын уурхайчин Ч.Цэрэндорж, П.Очир барилгачин Г.Тэгшжав, Н.Цэдэнпил, Силикатын үйлдвэрийн дарга А.Чүлтэм, самбо бөхийн дэлхийн аварга М.Пунцаг, сэтгүүлч И.Гүрринчен, жүжигчин С.Бужгар, Б.Энхбат, С.Соёл-Эрдэнэ гээд цааш нь үргэлжилдэг аж.
Б.Норовсамбуу