Г.Уянга: УИХ Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-04 14:41:57

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла нарын гадны иргэдэд уучлал үзүүлсэн. Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох тухай асуудлыг хөндөж УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын дарга З.Энхболдод хандсан. Тэрхүү асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцэх хуваарьтай байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан асуудлуудаас 5 хоногийн завсарлага авсан гэдгийг тодотгов.

Мөн цааш хэлэхдээ, “Ерөнхийлөгчийг гадны иргэдэд уучлал үзүүлж байх үед хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудал хэмээн үзэж, асуудалд хүндэтгэлтэй хандаж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Тухайн иргэд Монгол Улсын Ерөнхий сайдад гаргасан хүсэлтдээ төрд төлөх 35 тэрбум төгрөгийн хохирлынхоо 15 тэрбум төгрөгийг нь 6 жилийн хугацаанд хувааж, үлдсэнийг нь бэлэн бусаар төлнө гэсэн асуудлыг гаргаж тавьжээ. Хууль хэрэгжихгүй байгаа ийм нөхцөлд нэг нам асуудлыг гацаадаг байж болохгүй. Эд хохирлоо төлөхгүй гэвэл Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг парламент авч хэлэлцэх ёстой" гэлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news