БНХАУ: Дэлхийн худалдааны дүрэм журмыг дэлхийн хамтын нийгэмлэг тодорхойлох ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-05-03 18:36:12

БЭЭЖИН. /TASS/. Дэлхийн худалдааны дүрэм журмыг ганцхан улс орон тогтоох ёсгүй, харин дэлхийн хамтын нийгэмлэг тодорхойлох нь зүйтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хун Лей мэдэгдлээ. “Дэлхийн худалдааны дүрэм журмыг АНУ болон түүний түншүүд тогтоож тодорхойлох болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэлсэнтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яам уг тайлбарыг хийжээ.

“Америкчуудын мэдэгдэл нь хэлбэрийн хувьд хэтэрхий сүржин боловч агуулгын хувьд бодитой бус юм. Тэд урт хугацааны хэтийн төлөвийг тооцохгүй байна. Дэлхийн худалдааны дүрмийг ганц нэг улс бус харин дэлхийн бүх улс орон нийлээд тодорхойлох ёстой. Номхон далай дамнасан түншлэлийн /НДДТ/ тухайд гэвэл,  НДДТ болон Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншлэл нь бие биеэ баяжуулан нөхөж чадах ба Ази, Номхон далайн бүс нутагт Чөлөөт худалдааны бүс байгуулахын тулд хамтрах ёстой” гэж Хун Лей мэдэгдлээ. 

Сануулан дурдахад, даваа гарагт “Вашингтон пост” сонины цахим хуудсанд нийтлэгдсэн Б.Обамагийн өгүүлэлд “Хятад болон бусад орнууд бус харин зөвхөн Америк болон түүний түншүүд л дэлхийн худалдааны үндсэн дүрмийг тодорхойлох ёстой. Үүнтэй холбогдуулан, АНУ-ын Конгресс НДДТ-ийн тухай гэрээг аль болох яаралтай батлах нь зүйтэй” гэсэн санааг шууд дурджээ.

НДДТ-ийн гэрээ гэдэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн 12 улсыг хамарсан чөлөөт худалдааны бүс байгуулах тухай тохиролцоо юм.   

Х.Сарнай

Related news