БНХАУ АНУ-тай хамтран кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд бэлэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-24 09:17:35

БЭЭЖИН. /Reuters/. Кибер гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд манай улсын Засгийн газар АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ.

Тэрбээр АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын 700 орчим бизнес эрхлэгч болон бусад хүнтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн байна.

БНХАУ-ын эдийн засаг уруудах хандлагатай байна гэж шинжээчид таамаглаж байсан ч энэ оны эхний хагаст эдийн засаг долоон хувиар өссөн гэж Си дарга онцлон тэмдэглэжээ.

Эдийн засгаа цаашид ч тогтвортой өсгөх хөгжлийн шинэ загваруудыг БНХАУ бий болгож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн аж.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын хакерууд худалдааны нууц хулгайлсан гэсэн мэдээллийг тэрбээр няцаажээ. БНХАУ-ын кибер тагнуулчид худалдааны нууцыг хулгайлж байна гэж АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа юм.

Си дарга хэлэхдээ, “Кибер аюулгүй байдлын асуудлаар БНХАУ-ын Засгийн газар АНУ-тай дээд түвшний хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэжээ.

Тэрбээр маргааш АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийх юм.

Г.Доржханд

Related news
Comments