Пропорциональ тогтолцоотой холбоотой заалтыг хүчингүй болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-22 15:12:37

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуультай холбоотой заалтыг авч хэлэлцээд пропорциональ тогтолцооны заалтыг хүчингүй болголоо.

Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн цэцэд гомдол гаргасан.

Энэ гомдлыг авч хэлэлцээд УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч УИХ-ын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн цэц үзжээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”. 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэсэн заалт өнөөдрөөс хүчингүй болов.

Б.Туул

 

Related news