Эмнэлгийн захирал хэмнэсэн төсвөө зарцуулах эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-22 13:28:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлав.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг гүйцээн боловсруулсан болохыг хэллээ.

Хуулийн төсөлд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрлийг дэлгэрэнгүй заан, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг 5 жилийн хугацаатай томилохоор өөрчлөн эрх үүргийг зааглажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал нь эмнэлгийн батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулсаны үр дүнд жилийн эцэст хэмнэсэн төсвийн үлдэгдлийг зарцуулах эрхтэй болж байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн төлбөрийн аргыг тодорхой болгосон зэрэг дэвшил гарчээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулган 14 цагаас үргэлжлэн хуралдана.

Б.Туул

Related news