Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо хүрэлцэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өнөөдөр хүрэлцэн ирж буй юм.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.