Малчдын нийгмийн даатгал төлөх сонирхол нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 16:52:15

Малчинд 10 хувийн зээл олгох болсонтой холбоо Сүхбаатар аймгийн хэмжээнд 3-р сараас хойш 10 гаруй малчин шинээр нийгмийн даатгалын гэрээ байгуулжээ. Мөн малчид 4 сар ноолуураа борлуулах үеэр даатгалаа төлдөг байхаар гэрээ хийх тохиолдол нийтлэг байна.

10 хувийн зээл олгож эхэлсэнээр нийгмийн даатгал төлөх хүсэл сонирхолтой малчин олон болжээ. Малчны зээлд хамрагдахын тулд доод тал нь хоёр сарын төлөлт хийсэн байх шаардлагатай юм.

"Сайн дурын даатгалд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол бус орлоготой гэж хэлж болох оёдолчин, үсчин, тариачин зэрэг хүмүүс хамрагдаж болно. Малчин гэж нийгмийн томоохон сектор байна. Монгол Улсын Засгийн газар, төрийн банктай хамртан малчны 10 хувийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгал төлөх малчдын тоо өссөн. Ер нь сайн дурын даатгалд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна" хэмээн Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сайн дурын даатгал хариуцсан байцаагч Ө. Бат-Амгалан хэллээ.

Зээл олгох гурван үндсэн шаардлага, үүний гол шалгуур нь тухайн малчин ЭМ-ийн болон нийгмийн даатгал төлсөн байх гэсэн заалт юм. Доод тал нь 2 сараар нийгмийн даатгал төлж байж гэрээ байгуулагдах юм.

Т. Одончимэг

Related news