Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-18 20:21:41

Тусгаар тогтнолын ордоны Их танхимд болж буй МАН-ын Бага хурлын IV хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элслээ.

Гишүүд тус намд элссэн тул бага хурлын гишүүнээр сонгосон байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2008 оны сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. Тус парламентын бүрэн эрхийн хугацаанд буюу 2009-2010 онд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

2012 оны УИХ-ын ээлжит  сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин улиран сонгогдон, Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өмнөх сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд тэрбээр МАН-ын гишүүн байсан бол өдгөө бие даагч гишүүн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар сонгогдоод буй бие даагч гишүүн. 

2012 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар бие даагч статустай парламентын босгыг алхсан. С.Ганбаатар гишүүн ХҮН-д элссэн бол дээрх хоёр гишүүн МАН-д ийн элссэнээр одоогийн парламент бие даагчгүй, өөрөөр хэлбэл бүгд намын харьяалалтай болов.

Б.Туул

Related news