Л.Цог: Яаж ч муулж, цоллосон би өөрийнхөө байр суурьт хатуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-18 16:35:12

УИХ-ын дэд дарга Л.Цог “Шударга ёс” эвслээс гарч байгаагаа мэдэгдсэний дараа МАХН-аас түүнд хариуцлага тооцох талаар ярьж эхэлсэн. Энэ талаар болон бусад асуудлаар Л.Цог гишүүнээс тодруулга авлаа.  

-Та Г.Уянга гишүүний даргалж яваа Тусгаар тогтнол эв нэгдэл намын хуралд оролцож үг хэлсэн. Энэ намыг ямар үндэслэлээр дэмжиж байна вэ?

-“Жудагт Монгол” хөдөлгөөний үүсгэн байгуулагчийн хувьд, энэ намын дарга Г.Уянга гишүүнтэй олон жил хамтран тэмцэж байгаагийн хувьд намынх нь их хуралд талархаж оролцсон. Талархлаа ч дэвшүүллээ. Намынхаа зорилгыг тодорхой хэлж, Монгол Улсын тэргүүлэгч хүчин болно гэж ярьж байна. Хамгийн гол нь энэ нам одоогийн нөхцөл байдлыг зөв, бодитой оношилж байна. Үүнтэй санал нэг байгаа. Гарах гарцанд нь ч санал нийлж, дэмжиж байна.

-Таныг намаасаа гарч энэ намд элсэнэ гэх яриа бас байна?

-Би өөрийнхөө байгуулсан намдаа байгаа. Гэхдээ надад өөр сонголт байгааг нуухгүй. Хамгийн гол нь Монголын ард түмний тусгаар тогтнол, эв нэгдэл хүнд байдалд орсныг мэдэж байгаа учраас үүнийг хэлэхээс өөр аргагүй гэж бодож байна. Би өөрөө олон жил тэмцэж явсан. Яаж ч намайг муулж, цоллосон би байр суурьтаа хатуу байдаг хүн. Миний мэргэжил тийм юм. Цаашдаа үр хүүхдийнхээ төлөө буцахгүй, цуцахгүй тэмцэнэ.

-МАХН-ын удирдлагын зүгээс танд хариуцлага тооцно гэж байсан. Танд мэдэгдсэн зүйл байна уу?

-Юуны төлөө хариуцлага тооцох гээд байгааг нь би гайхаж байгаа. Түүнийгээ хэлэх ёстой. Түүнээс намынхаа даргын байр суурийг хүлээн зөвшөөрсөнгүй гэж хариуцлага тооцох нь хөгийн харагдана биз дээ. 1990 оноос өмнө Монголын сэхээтнүүдийг нам засгийн эсрэг гэж цоллодог байсан шиг тийм зүйл хийх вий гэж боддог. Гэхдээ намайг Сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн. Арга хэмжээ авна гэж хайгаад байгаа юм шиг байна. Намд ингэж хөөх заалт байхгүй л дээ.

Гэхдээ би намынхаа олон зүүн гишүүдийн ингэж бодож байна гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл намын толгойд байгаа хоёр, гуравхан хүний асуудал л ингэж явж байгаа. Жирийн хүмүүс мэдээлэл багатай, цуурхалд автаж байгаа мэт боловч миний дөрвөн жил яаж тэмцэж байсныг мэдэх учир нэг их анхаарлын төвд орохгүй гэж бодож байна.

-Хэрэв үнэхээр дэвшүүлэхгүй гэвэл яах вэ?

-Харж л байя. Сонголт олон байгаа.

Н.Гантуяа

Related news