Ц.Оюунбаатар: Улаанбурхан өвчнөөр 918 хүүхэд эндээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-15 18:36:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдрийн чуулганы эхэнд УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс тус өвчний нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсох хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. Уг хүсэлтийн дагуу салбар хариуцсан сайд дараах мэдээллийг хийсэн юм.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, "Өнөөдөр цахим орчинд уг өвчнөөр 918 хүүхэд эндсэн мэт ташаа мэдээлэл гарч байна. 2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа  нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120-иор нэмэгдсэн. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувьтай гарсан. Эндэгдлийн 50 хувь нь орон нутагт байна.

Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нийт эндсэн хүүхдүүдийн  70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн.

Улаанбурханы дэгдэлттэй холбогдуулж сайдын тушаалаар тусгай баг байгуулж, мэргэшсэн эмч нарыг орон нутагт ажиллуулж байна. Түүнчлэн вакцинжуулалтыг зохион байгуулсан ба эмнэлгийн ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. ХӨСҮТ-ийн эмч нарын илүү цагийн мөнгийг шийдвэрлэсний зэрэгцээ 500 гаруй эмч нарыг сургалтад хамрууллаа. Энэ мэт арга хэмжээний дүнд улаанбурхан өвчний өвчлөл тогтворжих хандлагатай байна" гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжөөр бол улаанбурханы тохиолдолд хөл хорио тогтоох нь үр дүнгээ өгдөг арга биш. Харин вакцинжуулалтыг зохион байгуулах хэрэгтэй гэсэн тул вакцинжуулалтад шаардлагатай 960 сая төгрөг болон бусад зардлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Сүүлийн өдрүүдэд 900 гаруй хүүхэд нас барсан мэтээр бичиж байгаа нь ташаа мэдээлэл юм. Оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэн. Үүний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа юм. Энэ хоёр тоог нэмж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн этгээдийг тогтоохыг хууль хүчний байгууллагынханд үүрэг болгосон” гэв.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, "Сүүлийн үед өвчнөөр хүртэл улстөрждөг болж байх шиг байна. Өвчлөл хяналтаа алдаад байна уу, эсвэл нөхцөл байдал тогтворжиж байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлэх хэрэгтэй. Ер нь сайдын томилгоог яаравчлах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга тус эмнэлэгт эмч нар дутагдаж байгаа эсэх, мөн амьсгалын аппаратад хүүхэд орж чадахгүй байгаа гэх яриа үнэний ортой юу, вакцинжуулалтад хамрагдах болоогүй хүүхдүүд өвчилж байгаа шалтгаан юу болох зэрэг асуудлыг тодруулаад онцгой байдал хариуцсан хүн анхаарал татсан энэ үед эрүүл мэндийн сайдын албыг давхар хаших нь өрөөсгөл байна. Иймд ирэх 7 хоногт салбарын сайлыг яаралтай томилох хэрэгтэй гэсэн юм.

ХӨСҮТ-ийн эмч нар, "Сүүлийн жилүүдэд эл өвчин гараагүйгээс эмч нар оношилж чадахгүй байгаа юм шиг ярьж байна. Улаанбурхан өвчин нь эхэндээ ерөнхий шинж тэмдгээр илэрч, 4-5 хоногт шинж тэмдэг тодорч байна. Хүндрэл уушгиар дамжиж илэрч байгаа ба нэг хоногийн өмнө авахуулсан зураг маргааш өдөр нь харахад өөр хүний уушги шиг гарч байна. Сэхээн амьдруулах тасаг амьсгалын 4 аппараттай. Одоогоор 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэхдээ эдгээр хүүхэд бүгд амьсгалын аппаратад орно гэж ойлгож болохгүй. Ер нь бол цаашид ийм төрлийн аппарат авах шаардлагатай. Амьсгалын аппаратад ороогүйгээс эндсэн хүүхэд байхгүй" гэв.

Зарим гишүүд асуулт асуухаар нэрээ өгсөн байсан ч хуралдааны цаг өндөрлөсөн тул УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хурлыг тарааж алх цохив. Түүнчлэн байнгын хорооны түвшинд асуудлыг ярилцах боломжтой гэдгийг мэдэгдлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан хэлэлцэхээр товлосон асуудлуудаа бүрэн хэлэлцэж амжилгүй тарж байна. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн батлан хамгаалахын салбартай холбоотой багц хуулийн төслүүд ирэх долоо хоногийн хэлэлцүүлэгт шилжив.

Б.Туул

Related news