Дархан орчимд цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-15 13:00:54

Дархан-Уул аймагт өчигдөр орой эхэлсэн шороон шуурга шөнөжин шуурч хоноод өнөө өглөөний үүрээр цасан шуурга болон хувирав.

Одоогийн байдлаар салхины хурд 12-14 метр секунд, зарим үед 12-18 метр секундын хурдтай цасан шуурга үргэлжлэн шуурч Дархан хотод үзэгдэх орчин хагас хязгаарлагдсан байдалтай байна. Энэ удаагийн байгалын эрсдэлт үзэгдлийн талаар аймгийн Онцгой Байдлын газраас тус аймаг дахь Байгаль Орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээг үндэслэж бүх сумдад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг илгээсэн гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга н.Батбаяр ярилаа. Түүний хэлснээр одоогийн байдлаар тус газарт ямар нэгэн дуудлага ирээгүй байгаа юм байна. Хэдийгээр цасан шуурга үргэлжилж цасыг хийсгэж байгаа боловч хөрсөн дээр буусан цасны зузаан дунджаар 5-8 см-ийн зузаантай байна. Хотын доторх авто замын цас замын хөдөлгөөний улмаас хайлж халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдлээ. Хүйтний эрч тийм ч хүчтэй биш, салхины хурд хараахан буураагүй цасан шуурга үргэлжилсээр байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news