“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн жүжгээ 10 жилийн дараа дахин тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр анх байгуулагдах үедээ тоглож байсан “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн
жүжгээ арван жилийн дараа дахин шинэчилсэн найруулгаар тоглох гэж байна.
Энэхүү жүжгээ энэ сарын 18-нд тоглох
ажээ. Тус театр байгуулагдаад яг арван жил болж байгаа бөгөөд Монгол Улсад
тавхан байдаг хүүхдийн театрын нэг болж, хөгжиж байгаагаараа онцлогтой.
Энэхүү жүжигт зориулан “Тэнгэрийн тэмдэг”
хүүхдийн театрын хамт олон тайзаа шинэчилж, бэлтгэл ажлаа хангаж байгаагаа тус
театрын захирал А.Ууганбаяр танилцууллаа.
Тайзны зураг, дизайн, засал чимэглэлийг О.Баярмагнай гүйцэтгэж, ерөнхий найруулагчаар
МУСТА С.Ариунбямба ажиллаж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын зохиол “Тэнгэрийн тэмдэг”
жүжиг нь Тэмүүжингийн бага насыг харуулдаг, хүүхэд багачуудад монгол түүх, өв
соёлоо таниулах, монгол бахархлыг төрүүлэх ач холбогдолтой жүжиг ажээ.



