ГХЯ-ны албан тушаалтнуудад Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар ГХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын албан тушаалтнуудад Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрх олголоо. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнуудад анх удаа Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрх олгож буй нь энэ юм.
Тодруулбал, тус газрын захирал Б.Баярсайханд Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагч, мөн газрын дэд захирал Л.Эрдэнэдаваа, мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нарт Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрх олгосон үнэмлэх, тэмдэгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гардуулан өгчээ.
Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан төрийн санхүүгийн хяналт, шалгалтын талаарх бүрэн эрхийг эдэлж, салбарын санхүүгийн зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд тооцогддог.