Цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэр 6 дугаар сарын 1 гэхэд бүрэн арилна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Д.Сумъяабазар гишүүнээс Ерөнхий сайд болон ЭМС-ын сайд болон Ерөнхий сайдад тавьсан хоёр асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд ЭМС-ын сайдад цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан гарч буй эвгүй үнэрийг бууруулах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байгааг асуусан. Мөн тэрбээр, уг үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа явуулсан эсэхийг тодруулсан байна.
Мөн тэрбээр Ерөнхий сайдад хандан Нийслэлийн иргэдийг агаар, ус, хөрсний бохирдлоос хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа УИХ-ын чуулганд танилцуулахыг хүсчээ.
ЭМСЯ-ны зүгээс цэвэрлэх байгууламжийн үнэр болон иргэдэд нөлөөлөх талаар хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байхгүй. Цэвэрлэх байгууламжаас ялгарч буй үнэр хүний мэдрэлийн системд нөлөөлж, судас нарийсах, нойргүйтэх шинж тэмдэг илэрдэг. Байгалийн бохирдол ихтэй газар амьдарснаас хоол боловсруулах эрхтний өвчлөл болон элдэв харшилтай болох тохиолдол нэмэгдэж байгааг Шадар сайд Ц.Оюунбаатар асуулгад хариулахдаа онцлов.
Тэрбээр, “ЭМСЯ-наас МХЕГ-тай хамтран Цэвэрлэх байгууламж орчимд аж төрж буй 160 гаруй өрхөд судалгаа хийсэн. Судалгаагаар нийт иргэдийн 43 хувь элэгний өрөвсөл, 47 хувь бөөрний өрөвсөлтэй байгаа бол 90 гаруй хувь нь ямар нэгэн харшилтай байна гэсэн хариу гарчээ.Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах болно.
Агаарын бохирдол нь улс орон нийгмийн өмнө тулгамдсан асуудал юм. Тиймээс одоо иргэдийг агаарын бохирдлоос хамгаалах Үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлсэн” хэмээв.
Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд 8.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Засгийн газраас уг байгууламжийг шинэчлэх, эвгүй үнэрийг арилгах ажлыг энэ оны долдугаар сар гэхэд дуусгахыг НЗДТГ-т үүрэг болгожээ. НЗДТГ-аас төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн үнэрийг зургадугаар сарын 01 гэхэд бүрэн арилгана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Цэвэрлэх байгууламжийн засвар дууссанаар хоногт 730 тонн гардаг лаг 30 тонн болж буурна гэлээ.
Шадар сайдын хариултын дараа гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Автомашины зах, засвар, сэлбэгийн газруудыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх асуудлыг ярих болсон. Гэтэл “Авто худалдааны цогцолбор” нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй цэвэрлэх байгууламжтай ойр байрлаж байна. Тиймээс цэвэрлэх байгууламжийн асуудлаа нэн тэргүүнд шийдвэрлэсний дараа нүүлгэн шилжүүлэх асуудлыг ярих нь зөв” хэмээв.
“Авто худалдааны цогцолбор” байгуулах, захуудыг нүүлгэн шилжүүлэх нь энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийн санал байсан бөгөөд энэхүү шийдвэр нь бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой гэдгийг Нийслэлийн удирдлагууд танилцуулав.
Сүүлийн жилүүдэд агаар болон хөрсний бохирдлоос шалтгаалсан өвчлөл, нас баралт нэмэгдэж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлэв. Тухайлбал, уушгины өвчнөөс нас барсан иргэдийн 37 хувь нь Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн төв цэвэрлэх байгууламжийн доголдлоос шалтгаалан хүн амын дунд амсьгалын замын өвчин нэмэгджээ. 2000 онд 10 мянган хүн тутмын 791 нь амьсгалын замын өвчнөөр өвддөг байсан бол 2014 онд 1579 болж нэмэгджээ.
Чуулганы хуралдаан Д.Сумъяабазар гишүүнээс БОНХАЖ-ын сайдад тавьсан Туул голын бохирдлын хэмжээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуулгыг хэлэлцэж байна.
Ч.Ариунболд
Related news

