Хамарын хийдийн орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутаг Хар тал хэмээх газарт олгосон MV-02873 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Даблью Эс Жи Эл” ХХК, “Олон ихт баян”ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 07 дугаар сарын 26-нд Шүүхийн шийдвэрийн дагуу цуцалжээ.
Говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлж явсан Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төвийн орчмын орон нутгийн тусгай хамгаалалттай бүс нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Даблью Эс Жи Эл" ХХК өнгөрсөн оны нэгдүгээр сард нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байхад нь үйл ажиллагааг нь зогсоосон юм.
Тухайн үед “Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай уулзалгүй, хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй байсан юм.