Сумдын ЗДТГ-ын туршлага солилцох уулзалт Орхон суманд болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатарын санаачлагаар анх удаа сумдын ажлыг холбох, харилцан туршлага судлах зорилгоор зохион байгуулсан нөхөрсөг уулзалтыг Орхон сумаас эхлэв.
Тус уулзалтад Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдын ЗДТГ-ын дарга, ажилтан, албан хаагчид оролцлоо. Энэ үеэр Орхон сумын ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал сумын тамгын газраас зохион байгуулж байгаа төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж танилцуулав. Тус сумын ЗДТГ нь өнгөрсөн сард сумынхаа 2016-2025 оны “Орхон сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө”-гөө ИТХ-ын хуралдаанаар батлуулсан байна. Тус төлөвлөгөөнд “Эрүүл монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуй”, “Орхон газар шим”, “Цахим Орхон” зэрэг төслүүд багтжээ. Үүнээс гадна сумын ЗДТГ сар бүрийн 15-нд “Төрийн мэдээллийн цаг”, улирал бүр “Нээлттэй засаг”, “Иргэд хүлээн авах танхим”-аар “Нүүр тулсан ярилцлага” хийж хэвшсэн. Түүнчлэн төрийн үйлчилгээний мэдээллийн самбарыг иж бүрэн шинэчилж самбаруудыг “Шилэн” болгохын сацуу сумын Тамгын газарт 23.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр интернет орчинг бүрдүүлж төрийн үйлчилгээг “Цахим” болгох ажлыг эхлүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа тухай тус сумын Засаг дарга Б.Батбаяр ярилаа. Сумын ЗДТГ нь төрийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын ажилд бодитой дүгнэлт хийж орчин цагийн төрийн үйлчилгээний шинэ хандлага, өөрчлөлтийг хийхийн тулд “ISO-9001 стандарт”-ыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Туршлага солилцох үеэр бусад сумдын удирдлагууд дээрх туршлагыг хуваалцаж “Чанарын удирдлагын тогтолцооны ISO–9001 стандарт”-ыг бүх сумдад нэвтрүүлсэн анхны аймаг болох ажлыг эхлүүлэхээр болсныг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар онцлов.
Мөн үеэр сумдын ЗДТГ-ын ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн болж Орхон сумын ЗДТГ-ын холимог баг түрүүллээ.
Харилцан туршлага солилцох дараагийн нөхөрсөг уулзалтыг ирэх тавдугаар сард Хонгор, наймдугаар сард Шарын гол, 10 дугаар сард Дархан суманд тус тус зохион байгуулна.
Б.Норовсамбуу