“Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-05 12:43:30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрөөс бичил бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин, иргэдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх боломж бүрдэх юм. Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих” зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.

Хөтөлбөр нь НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд 5 аймгийн 50 суманд байгуулагдсан эмэгтэйчүүд зонхилсон 454 бизнесийн бүлгийн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, орон нутгийн онцлог бүхий бичил бизнесийг зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээгээр дэмжих замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аж ахуйн зохион байгуулалтад шилжих угтвар нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт 6600 бүлгийг иргэдийн хамтын оролцоо, хариуцлага, хяналтад тулгуурлан 8-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хөтөлбөрийн хугацаанд тэдгээрийн 50-иас доошгүй хувийг нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжид шилжүүлэхээр төлөвлөж байна. Бүлгийн гишүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зонхилохоор тооцож байгаа бөгөөд сумын бүлгүүдийн нэмүү өртгийн сүлжээнд хамрагдсан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч гишүүдэд ногдох зээлийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласны мөрөөр дараах арга хэмжээг авахаар боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан тухай Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сайншанд сумын Хамрын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих зураг, төсвийг боловсруулан шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барих хөрөнгийг 2016 оны Төсвийн тодотголд тусгах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгалаа. 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Дорнод аймгийн Хэрлэн суманд байрладаг долдугаар цэцэрлэгт  шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоомын асуудлыг судалж, шийдвэрлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ашиглалтад орсон “Боловсрол” хорооллын орон сууцыг Ипотекийн таван хувийн зээлд хамруулах арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

Дорнод аймгийн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцыг 100МВт-аар өргөтгөх болон Сүхбаатар аймгийн Боловсрол хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-д тусгах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

Товч мэдээ:

-  “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нарт уг хуулийн үзэл баримтлалыг хамтран батлахыг даалгалаа.

-  Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэцэн дэмжээд, батлахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

-  “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журам”-ыг тус тус баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

Related news