Ази, Европын ард түмний төлөөлөл Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-24 13:55:49

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт ирэх 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалтын хүрээнд “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европод хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдэвт Ази, Европын Ард түмний 11 дүгээр чуулган /AEATЧ 11/ болох юм.

Энэ талаар өнөөдөр МОНЦАМЭ агентлаг дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг хэвлэлийн бага хурлыг нээж хэлэхдээ, “АСЕМ гэж томоохон хэмжээний уулзалт ганц уулзалт болох юм шиг манай иргэд ойлгоод байна. Дээд хэмжээний энэхүү уулзалтыг дагалдаж, 4 дүгээр сарын 21-22-нд Ази-Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, 5 дугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 6 дугаар сарын 9-10-нд АСЕМ-ын Сангийн сайд нарын 12  дугаар уулзалт, 6 дугаар сарын 20-21-нд Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, 7 дугаар  сарын 6-7-нд АСЕМ-ын Залуучуудын чуулган, 7 дугаар сарын 9-10-нд Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, 7 дугаар сарын 12-14-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 7 дугаар сарын 13-14-нд Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болох юм. Харин Ази, Европын Ард түмний 11 дүгээр чуулган 7 дугаар сарын 4-6-нд болохоор товлоод байна” гэв.

Үүний дараа Азийн ардчиллын сүлжээний хамтарсан тэргүүн Л.Төр-Од тус чуулганы үүсэл хөгжил, зорилгын талаар мэдээллээ. Тэрбээр, “Тус чуулган нь 1995 оноос үүдэлтэй. Түүний дараа жил нь Ази, Европын идэвхтэй иргэдийн байгууллагуудын бага хурлыг Банког хотноо зохион байгуулсан. 1997 онд албан ёсоор Ази, Европын Ард түмний чуулган хэмээх сүлжээ байгууллагыг байгуулсан. Нэн тэргүүний зорилго нь Ази Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, тэдгээр улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, эргээд ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх явдал юм” гэлээ.

Энэхүү чуулганы үеэр Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж, хэрхэн хэрэгжүүлэх стратегийн тухай хэлэлцэнэ. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэх стратеги гэх зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх аж.

Чуулганд нийт 500 төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байна.

 "AEATЧ 11" нь өөр хоорондоо холбоотой цуврал хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээн өрнөх нээлттэй орон байх тул Ази, Европын иргэний нийгмийн хөдөлгөөн, орон нутгийн бүлгүүд, нөлөөллийн сүлжээнүүд, дэвшилтэт ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, парламентын  гишүүд болон иргэдийг идэвхтэй оролцохыг хэвлэлийн бага хурлын үеэр уриалав.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news