Г.Шийлэгдамба, Л.Цог, нар уучлал гуйхгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-23 13:49:30

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооноос  улс төр, цаг үеийн асуудалтай холбогдуулан  нэр бүхий  гишүүдийн  ёс зүйн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус хорооноос ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба, МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг намын гишүүд, дэмжигчдээс уучлал гуйхыг шаардав.

2015 оны сүүлээс МАХН, МАН хамтарч ажиллах, цаашлаад эвсэх тухай санал бодлоо хэлж буй 42 ахмадын гарын үсэг зурсан мэдэгдэл гарснаас хойш улс төрийн зарим хүчин, төрийн өндөр албан тушаалтнуудын  зүгээс  МАХН-ыг хардаж сэрдэх, хавчин гадуурхах болсон. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ын нэр хүнд өсөхөөс айж элдэв хилс хэрэг тохохын төлөө авхаалж самбаагаа сорин өрсөлдөх боллоо. Түүний эхнийх нь ЭМС-ын сайд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг хувийн хэрэгцээндээ дотны нөхөр О.Даваасүрэнгээс  зээлсэн мөнгө албан өрөөндөө хадгалж байсныг авлига авч өгсөн хэрэг мэтээр нийгэмд ташаа мэдээлэл цацсанаар эхэлсэн. Дараа нь мөнгийг намын дарга Н.Энхбаяр санхүү бүрдүүл гэж шахсан мэтээр Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээсээ няцах, өмгөөлөгчдөөсөө татгалзах хүртэл дарамт шахалт үзүүлснээр илэрсэн. Түүнээс үндэслэн Г.Шийлэгдамбыг хэн удирдаж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оруулж, харуул хамгаалалттай амралтад амрааж, Тахарын хамгаалалтад авч, зохион байгуулалттай мэдүүлэг өгүүлээд байна вэ гэсэн хардлага намын гишүүдийнх нь дотор газар авсныг  МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хэллээ.

Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэрэгт хутгах, намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хагалан бутаргах, хутган үймүүлэхэд гаршсан нам дамнасан олигархи бүлэглэлийн урт гартнууд АТГ, хууль хүчний зарим хүмүүсийг утсан хүүхэлдэй мэт удирдаж байна гэж мэдэгдэв.

Түүнчлэн намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг хоёр нам хамтарч ажиллах анхны алхам хийнгүүт баривчлан хорьсон, эрүүл мэндийн салбарын туршлагатай удирдагчдын нэг, гавьяат эмч  Л.Жамбалжавыг  ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхий сайд учир битүүлгээр татгалзсан, Их хурлын дэд дарга Л.Цогийн хийж буй алхмууд, Булган аймгийн МАХН-ын хорооны дарга С.Дашдондогийн намд хандив өгч албан тушаал авч байсан зэрэг нь бүгд  нам руу чиглүүлсэн улс төрийн явуулга. Сонгууль ойртох тусам ийм алхамууд улам идэвхжиж байна. Иймд Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг гаргасан алдаагаа гэмшин хүлээж намын хамт олноос уучлал гуйхыг албан ёсоор шаардаж байна.

Хэрвээ уучлал эс хүсвэл намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байна" гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news