Аж ахуйн нэгжийн тооллого 4 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-22 14:11:07

Засгийн газрын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 21-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ. 

Статистикийн хуульд заасны дагуу Аж ахуйн нэгжийн тооллогыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хооронд багтаан явуулахаар шийдвэрлэлээ. Тооллогыг удирдан зохион байгуулж, тооллогын дүнг 2016 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, тооллогын холбогдох үзүүлэлтүүдийг аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангийн нэгтгэлд тусган, мэдээлэл харилцан солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус даалгасан байна. Мөн аж ахуйн нэгжийн тооллогод өөрийн нутаг дэвсгэрт оршин байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Аж ахуйн нэгжийн тооллогыг 1991 оноос эхлэн 1994, 1998, 2006, 2011 онуудад Үндэсний статистикийн хорооноос улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэн гаргаж ирсэн юм. Энэ удаагийн тооллогыг аж ахуйн нэгж, байгууллагын тоог бодитой гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж статистикийн мэдээлэлд бүрэн хамруулах, тэдний эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлох, эдийн засаг-статистикийн судалгаа, түүвэр ажиглалтын хамрах хүрээг бүрэн тогтоох зорилгоор явуулна.

Тооллогыг технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голчилж, уламжлалт аргыг хослуулан явуулна. Уламжлалт аргаар явуулахад 790 гэрээт ажилтан оролцох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар тооцоолжээ.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Болорт олголоо.

Дараах чиг үүргийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах

Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих

Нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт, өөрчлөлтийг орчуулах, үндэсний стандарт боловсруулах, хэрэглээний тайлбар, зөвлөмж боловсруулан гаргах

Аудитын хуулийн этгээдийг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах

Аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан тайлагналын аргачлалыг боловсруулах

Аудитын үйл ажиллагааны стандарт, мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн аудиторын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хүчингүй болгох

Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих

Нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 18-т заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтыг зохион байгуулах, татварын мэргэшсэн зөвлөх, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлээчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд ашиглах мэдээллийн сан бүрдүүлэх

ТОВЧ МЭДЭЭ

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаад даалгалаа.

- Засгийн газрын 2013 оны 38 дугаар, 2001 оны 134 дүгээр тогтоолд тус тус дурдсан Төрийн өмчийн хороо гэснийг Сангийн яам гэж өөрчлөхөөр тогтов.

- Говь-Алтай аймаг дахь “Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолбор болон хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрч, цаашид зардлыг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

- Уул уурхайн сайд Р.Жигжидийн 2016 оны 2 дугаар сарын 24-25-нд болсон Бүгд Найрамдах Перу Улсын Лима хотод зохион байгуулагдсан “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах дээд байгууллагын Олон Улсын 7 дугаар бага хурал”-д оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

- Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн тухай Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан хэлэлцээ хийх асуудлаар ажилласан ажлын хэсгийн үр дүнг сайшааж, зээлийн нөхцөлийг дэмжив.

- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Холбооны Улсын Женев хотод хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр чуулганы Өндөр түвшний хуралдаанд 2016 оны 3 дугаар сарын 2-4-нд оролцсон дүнг танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийн барилга байгууламжийг барьж, байгуулах төслийн ашиглалтын өмнөх захиргааг 2016 оны 3 дугаар сард багтаан байгуулж, ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Related news